Өмнөд Австралийн гэр бүл зул сарын баярын гацуураа засчээ. МакКормиксын гэр бүл гацуураа мөнгөлөг саарал, ягаан, цэнхэр чимэглэл, гялтганасан өнгөлөг гэрлээр гоёжээ. Гэвч энэ жил тус гэр бүлийн ганган гацуур урьд өмнө байгаагүй зэрлэг хэрнээ үнэ цэнэтэй шинэхэн чимэглэлтэй болсон нь бяцхан коала баавгай байжээ.
Гэр бүлийн гишүүн Тайла 15 цагийн үед гэрээсээ хамгийн сүүлд нохойтойгоо салхилахаар гарахдаа арын хаалгаа хааж, гэрлээ унтраан гарчээ. Гэр бүлийн гишүүдийг 18 цагийн үед гэртээ ирэхэд нохой нь зул сарын модыг чиглэн очиж, ямар нэг зүйл шиншилж эхэлсэн байна.
Энэ үед зул сарын гацууран дээр нь коала баавгай авирсан байгааг харжээ. МакКормиксын гэр бүлийн зассан гацуур жинхэнэ мод биш бөгөөд нилээд хуучных аж. Гэтэл коала гацуурын хуурамч мөчрийг тасдаж идэхийг оролдсон байна. Гэрийн эзэгтэй баавгайг хүүхдүүдийнх нь чихмэл тоглоом гэж бодсон ч амьд амьтан байгааг хараад их гайхжээ.
Тэд тэр даруй Аделайде хотын коала баавгайг аврах газар луу холбогдож тусламж дуудсан байна. Аврагчид удалгүй ирж гацуур дунд нуугдсан коалаг аварчээ. Уг баавгай ойролцоогоор 3-4 настай залуу эмэгчин байжээ.
Энэ тухай дүрс бичлэгийг ТикТок хуудсанд байршуулсан даруйд 16,000 like цугларчээ. Амьтан хамгаалагчид коала хуурамч гацуурыг жинхэнэ модтой андууран байшинд орсон байж магадгүй гэж үзжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.