Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч Жошуа Вон болон түүний хоёр хамтрагчид хорих ял оноосны дараахан цуутай хэвлэлийн босс, ардчиллыг дэмжигч Жимми Лайг баривчлан саатуулсныг мэдээллээ. Өнөөдөр Хонконгийн шүүх Жимми Лайг батлан даалтад суллахаас татгалзжээ.
Түүний шүүх хурлыг ирэх оны дөрөвдүгээр сард товлосон ба тэр хүртэл хугацаанд хорьж саатуулах юм байна. Некст Дижитал хэвлэлийн компанийн захирал Лайг компанийнхаа үл хөдлөх хөрөнгийг хууль бус зориулалтаар ашигласан гэж буруутгажээ.
Хонконгчууд өнгөрсөн жил ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө олон сар үргэлжилсэн жагсаал хийж, цагдаа нартай мөргөлдсөний дараа Хятадын Засгийн газар яаравчлан аюулгүй байдлын шинэ хуулийг баталсан юм. Шинээр батлан, өнгөрсөн зунаас хэрэгжүүлж эхэлсэн аюулгүй байдлын хуулийн дагуу алдартай тэмцэгчид, олны танил удирдагчид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг баривчлан саатуулж, эхнээс нь ял шийтгэл оноож байна.
Ноён Лайгаас гадна Некст Дижитал компанийн хоёр ч гүйцэтгэх захирлыг баривчлан саатуулжээ. Тус хэвлэлийн компанийг Жимми Лай үүсгэн байгуулсан бөгөөд Apple Daily сэтгүүлийг хэвлэн гаргадаг.
Эрх баригчид гүйцэтгэх захирлуудыг батлан даалтад суллахыг зөвшөөрсөн ч Жимми Лайг оргон зайлах эрсдэлтэй гэж үзсэн тул батлан даалтаар суллахаас татгалзжээ. Түүний хөрөнгө тэрбум ам.доллараас давсан гэж үздэг байна.
Тэрээр анх удаа цагдаа нарт баригдсан тохиолдол энэ биш. Өнгөрсөн наймдугаар сард аюулгүй байдлыг хамгаалах шинэ хуулийн дагуу баривчилснаар Хонконгийн цагдаад баригдсан хамгийн нэр хүндтэй эрхэм болсон юм. Наймдугаар сард Лайг баривчлаад удалгүй батлан даалтаар суллаж байжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.