БНСУ-д өнөөдөр 500 мянга орчим сурагч Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч байна. Тус улсад коронавирусийн цар тахлын гурав дахь давлагаа эхлээд буйн улмаас сурагчид улам том бэрхшээлтэй учраад байгаа юм.
Өмнөд Солонгосын ЭЕШ нь нийт найман цаг үргэлжилдэг бөгөөд солонгос хэл, математик, англи хэл, түүх, нийгмийн ухаан, хоёр дахь гадаад хэл гэсэн зургаан хэсэгтэй шалгалтыг нэг дор өгдөг байна. Ширүүн өрсөлдөөнтэй тус улсад энэхүү шалгалт нь сурагчдыг ямар их сургуульд орж, ямар мэргэжилтэй болохыг нь тодорхойлох шийдвэрлэх ач холбогдолтой.
Энэ өдөр сонсголын шалгалтын цагаар онгоц нисдэггүй бөгөөд эцэг эхчүүд хүүхдүүдээ шалгалтад нь хүргэж өгдөг учир албан газруудын ажил ердийн цагаасаа оройтож эхэлдэг аж. Мөн цэргийн сургуулилтуудыг цуцалсан бөгөөд хөрөнгийн биржүүд хүртэл орой нээгджээ.
Харин Засгийн газар сурагчдыг халдвараас хамгаалах хэд хэдэн арга хэмжээг авсан хэдий ч эдгээр нь тусламж гэхээсээ илүү саад тотгор болж байгааг сурагчид илэрхийлсэн юм. Шинэ арга хэмжээний хүрээнд шалгалт өгөгчид амны хаалт зүүн, хуванцар хаалттай ширээнд суух шаардлагатай байна. Түүнчлэн шалгалтын танхимуудад ус цэвэршүүлэгч байрлуулаагүй бөгөөд сурагчид өөрсдөө ус, өдрийн хоолоо савлаж авчрах ёстой.
Тэд мөн завсарлагааны үеэр цугларч, хоорондоо ярих боломжгүй болжээ. Шалгалт эхлэхээс өмнө бүх сурагчийн халууныг хэмжсэн ба халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрсэн хүүхдүүд тусдаа өрөөнд шалгалт өгч байгаа аж.
Гэвч шалгалт өгч буй сурагчдын цөөхөн хэд нь л эрүүл мэнддээ санаа зовж байгаа бөгөөд ихэнх нь эдгээр хязгаарлалтууд нь тэдний шалгалтаа өгөх чадварт нөлөөлөх вий гэж санаа зовж байгаа гэнэ. Зарим сурагчид олон цагийн турш амны хаалт зүүх нь тэдний төвлөрлийг сааруулан, амьсгалахад хүндрэлтэй болох вий гэж эмээж байгаагаа илэрхийлжээ. Мөн ширээний хаалтын улмаас шалгалт өгөх орон зай хязгаарлагдмал болж, анхаарал сарниж байгааг туршилтын шалгалт өгсөн сурагчид онцолсон байна.
Тэгвэл Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин цар тахлын үеэр амьдралынхаа хамгийн чухал шалгалтыг өгөх шаардлагатай болсон сурагчдаас уучлал гуйсан юм. Гэвч тус улс өнгөрсөн дөрөвдүгээр сард бүх нийтийн сонгуулийг амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн ЭЕШ-ыг ч мөн аюулгүй зохион байгуулж чадна гэдэгт албаны хүмүүс итгэлтэй байгаа гэнэ.
Гэсэн хэдий ч зарим мэргэжилтнүүд шалгалтыг зохион байгуулах нь өндөр эрсдэлтэй болохыг анхааруулж байна. Кореа их сургуулийн Гүро эмнэлгийн Халдварт өвчний хэлтсийн профессор Ким Ву Жү "Хэдий бид 490 мянган сурагч гэж ярьж байгаа ч дахиад 23 мянган шалгалтын хянагч байгаа бөгөөд хэдэн арван мянган эцэг эх сүм хийдэд зочлон, хүүхдүүдийнхээ төлөө залбирах болно. Түүнчлэн сурагчид үдийн цайны цагаар амны хаалтаа тайлах бөгөөд шалгалт найман цаг үргэлжлэх тул бид хэчнээн бэлтгэл хийсэн ч дотор нь халдвар тархах эрсдэлтэй" хэмээн тэмдэглэжээ.
Эх сурвалж: BBC