Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл, саатлыг арилгах үүрэг бүхий Шуурхай бүлгийн цахим хурал өчигдөр болов.
Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг “Гашуунсухайт боомтод үүсээд байгаад нөхцөл байдалтай холбоотой Монголын талд хийж буй PCR шинжилгээг Хятадын тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэл муутай байгаа тул энэ асуудлыг шийдвэрлэх талаар ГХЯ-аас БНХАУ-ын ГХЯ-д ноот бичиг хүргүүлсэн, хариу хүлээж байгаа” хэмээв.
АТҮТ-ийн Цогтцэций салбарын дарга С.Мөнх-Эрдэнэ “Гашуунсухайт боомтоор 238 тээврийн хэрэгсэл гарснаас 123 тээврийн хэрэгслийг хүлээн авсан, 4158 жолоочид шинжилгээ хийснээс бүгд сөрөг гарсан” гэсэн юм.
Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал “Хятадын талаас Ханги боомтоор тээвэр хийж буй жолооч нараас шинжилгээ авах талаар мэдэгдсэн, Эрээнд ажиллах 32 жолоочийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, тусгаарлаад байгаа” гэлээ.
АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайхан “Замын-Үүдэд хил гарахаар 120 орчим машин хүлээж байна. Эдгээр жолооч нарын аж ахуйн нэгжүүдтэй холбогдож, жолооч нарыг хоол хүнс, шатахуунаар хангах талаар мэдэгдсэн” гэсэн товч мэдээлэл хийлээ.
Хурлын төгсгөлд шуурхай бүлгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:
-БНХАУ-ын талаас хариу ирэнгүүт Эрээнд байрлаж ажиллах 32 жолоочийн PCR шинжилгээг авч, Улаанбаатар хот руу ирүүлэх,
-Тавантолгой түлшийн бэхжүүлэгчийг саадгүй нэвтрүүлэхэд Дорнговь аймгийн Засаг дарга, Замын-Үүд сумын автотээврийн төв онцгой анхаарч ажиллах,
-Хятадын талаас манай шинжилгээг хүлээн зөвгөөрөхгүй бол шинжилгээ өгсөн болон шинжилгээ өгөөгүй жолооч нарыг хоёр тусад нь шугамаар боомтоор нэвтрүүлэх, жолооч нарыг зохион байгуулалттайгаар гаргаж, шинжилгээ өгүүлэх асуудлыг судалж, бэлтгэлийг хангах,
-Экспортын, дотоодын /уртын, богинын/ тээврийн жолооч нарыг хооронд нь холилдуулахгүй байх тусгаарлалтын дэглэмийн хэрэгжилтэд анхаарах зэрэг чиглэл өгөв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
5 толгойн бэхжүүлэгчийг монгол улсад үйлдвэрлээд байхад яагаад гаднаас импортоод бна аааа