Армени, Азербайжан улсуудын хил дээрх уулын Карабах буюу Нагорно-Карабахад энэ намар зөрчил мөргөлдөөн хурцадсан. Тэгвэл ОХУ-ын оролцоотой Армени, Азербайжан улсууд хамтран гал зогсоож, зэвсэгт мөргөлдөөнийг дуусгах хэлэлцээрт гарын үсэг зураад байгаа билээ.
Москвагийн зүгээс энэ хэлэлцээрийг ОХУ Өмнөд Кавказад нөлөө бүхий хүч хэвээр байгааг нотлох баримт хэмээн сайшааж байгаа. Гэхдээ энэхүү зургаан долоо хоног үргэлжилсэн дайн Оросын нэр нөлөөний хязгаарыг бас илчилсэн юм.
Уг нөхцөл байдлын үеэр Турк улс ОХУ-ын өрсөлдөгч тоглогч болон гарч ирсэн билээ. Тус улсын цэргийн дэмжлэгийн ачаар Азербайжан улс Оросын уламжлалт холбоотон болох Арменийг ялсан юм. Харин одоо Москвагийн эрх баригчид Туркийн цэргийн ажиглагчдыг Өмнөд Кавказад байрлан, харилцан гал зогсоох дэглэмийг хянахыг зөвшөөрсөн байна.
"Карабахад болсон явдал бол Өмнөд Кавказ төдийгүй хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэрт Москвагийн нөлөө буурсныг харуулсан геополитикийн сүйрэл. Оросын тал бэлтгэж, зэвсэглэсэн Арменийн арми Туркын сургаж, зэвсэглэсэн Азербайжаны армид ялагдсаныг бид харсан. Ерөнхийлөгч Эрдоганы Турк энэ бүс нутагт маш чухал байр суурь эзлэх болсон. Турк, Хятад, Иран зэрэг бүс нутгийн тоглогчид үүнээс авах дүгнэлт нь тэд Москватай хэт их зөвлөлдөхгүй, Кремлийн хариу үйлдлээс айхгүйгээр Төв Ази, Өмнөд Кавказад хүчээ хөгжүүлэх боломжтой гэсэн үг юм" гэж улс төрийн тоймч Константин фон Эггерт дүгнэжээ.
ОХУ-ын хувьд 2020 он бол хуучин ЗХУ-ын хэмжээнд үүссэн геополитикийн сорилтын жил байлаа. Оросын хамгийн ойрын холбоотон болох Беларуст ард түмэн Москвагийн дэмжиж буй дарангуйлагчийг эсэргүүцэх болсон. Кремлийн удирдлагууд Александр Лукашенкогийн асуудал дээр тэвчээргүй болж байгааг харуулсан шинж тэмдгүүд илэрч байгаа ч түүнийг үргэлжлүүлэн дэмжиж байгаа нь Беларуст ховор үзэгдэл болох ОХУ-ын эсрэг үзлийг өдөөж байгаа юм.
Киргиз улсад өнгөрсөн аравдугаар сард болсон хувьсгал Оросын хувьд гэнэтийн явдал байсан. Харин өнгөрсөн сард Молдавт болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар ОХУ ялагдагчийг дэмжсэн байна. Барууныг дэмжигч улс төрч Майя Санду Москвагийн талын Ерөнхийлөгч Игорь Додоныг ялсан аж.
"Бидний зорилго бол Европын Холбоотой ойртох явдал бөгөөд хэзээ нэгэн цагт тус холбооны гишүүн болно гэж найдаж байна" гэж шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Санду "BBC" агентлагт ярьжээ.
БНХАУ, Турк, АНУ, Европын Холбоо зэрэг бүс нутгийн тоглогчдын тоо нэмэгдэх тусам ОХУ-ын хуучин Зөвлөлтийн талбарт нөлөөлөх орон зайг энэ шинэ бодит байдал хязгаарлаж магадгүй болоод байна. Түүнчлэн тус улс нэгэн цагт эзэнт гүрэн байснаасаа одоо үндэстэн улс руу шилжиж байгаа нь том нөлөө болж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.