Иран улс НҮБ болон Европын орнуудыг 2015 онд байгуулсан цөмийн хөтөлбөрийн гэрээ хэлэлцээрт тусгагдсан заалтуудаа хэрэгжүүлэхийг шаардлаа. Уг гэрээнд тусгагдсанаар Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээнүүдийг сулруулах ёстой байсан. Гэсэн ч өдий хүртэл хэлэлцээрт тусгагдсан заалтууд хэрэгжээгүй тул ураны баяжуулалтаа нэмэгдүүлэх хуулийн төслийг Парламентын танхимд дэмжжээ.
Парламентын танхимын гишүүдийн үзэж байгаагаар барууны орнуудад хэлсэн амандаа хүрэх хоёр сарын хугацаа олгож байна. Хэрэв ирэх хоёр сарын дотор Ираны эсрэг тавьсан эдийн засаг, газрын тосны хоригийг сулруулахгүй бол уран баяжуулалтаа 20 хувь хүртэл нэмэгдүүлнэ гэжээ. Энэ нь 2015 оны цөмийн хөтөлбөрийн гэрээнд хүлээн зөвшөөрсөн хэмжээнээс 3,67 хувиар өссөн дүн юм. Мөн НҮБ-ын ажиглагчдыг гаргана гэсэн хатуу мэдэгдлийг хийжээ.
Иран улсын Ерөнхийлөгч Хассан Роуани уг хуулийн хэрэгжилтийг эсэргүүцэж байгаа гэдгээ мэдэгдсэн. Парламентын гишүүд Ерөнхийлөгчөөс хуулийн хэрэгжилтийг дэмжихийг хүсээд байгаа. Гэвч Роуани уг шийдвэр нь дипломат харилцаанд сэв суулгаж болзошгүй хэмээн сэрэмжилж байгаа юм.
Өнгөрөгч баасан гарагт Ираны цөмийн эрдэмтэн Мохсен Фахризадехыг Тегераны ойролцоо учир битүүлгээр амь насыг нь хороосон. Энэ аллагыг Израйль болон сөрөг хүчний бүлэг алсын удирдлагатай зэвсэг ашиглан үйлдсэн хэмээн Ираны Засгийн газар буруутгаж байгаа. Израйлийн тал одоогоор ямар нэг хариу мэдэгдэл хийгээгүй байна.
Ираны тал уран баяжуулалтыг энх тайвны зорилгоор ашигладаг хэмээн байр сууриа хамгаалсаар ирсэн. Уг хөтөлбөрт Фахризадех маш чухал үүрэг гүйцэтгэж байжээ. АНУ уг хэлэлцээрт багтсан ч 2018 онд Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэлцээрээс гарсан байдаг. Харин Америкийн 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Жо Байден хэлэлцээрт эргэн нэгдэхээ илэрхийлээд байгаа. Хэрэв Тегеран цөмийн хэлэлцээрийн хатуу шаардлагыг биелүүлбэл хоригийг цуцлахад бэлэн гэсэн юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.