Швед улсын цагдаа нар нийслэл Стокгольм хотын оршин суугч 70 настай эмэгтэйг төрсөн хүүгээ 28 жилийн турш гэртээ хорьсон гэж сэжиглэн, баривчилжээ.
Хууль хяналтынхан энэхүү эмэгтэйг өдгөө 41 настай хүүгийнхээ эрх чөлөөг хууль бусаар хязгаарлан, бие махбодод нь хүнд гэмтэл учруулсан гэж сэжиглэн баривчилсан болохыг орон нутгийн "Expressen" сонин мэдээлсэн юм. Прокурорууд уг эмэгтэйг өмнөд Стокгольмд байрлах орон сууцандаа хүүгээ бараг 30 жилийн турш хорьсон гэж буруутгаж байгаа аж.
Эрэгтэйг хамаатны хүн нь өнгөрсөн ням гарагт олсон байна. Өндөр настай эмэгтэйг эмнэлэгт хэвтсэн гэж дуулсан хамаатан нь түүний орон сууцад очихдоо 41 настай хүүг нь гал тогооны өрөөний шалан дээр хэвтэж байхад нь олсон гэнэ.
Тухайн эрэгтэй ямар ч шүдгүй байсан учир бараг ярих чадваргүй байсан бөгөөд хөл нь үрэвсэл, шархаар дүүрэн байжээ. Түүнчлэн байрны дотор тал маш бохир заваан, олон арван жил цэвэрлээгүй мэт харагдаж байсан аж. Эрэгтэйг олсон хамаатан нь "Тэр маш хурдан бөгөөд бага зэрэг ойлгомжгүй ярьж байсан. Гэхдээ тэр надаас айгаагүй" хэмээн ярьжээ.
Сэжигтэн эмэгтэй хүүгээ 12 настай байхад нь сургуулиас нь гаргаж, гэртээ хорих болсон гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Үүний шалтгаан тодорхойгүй байгаа ба харин эмэгтэй бүх хэргийг үгүйсгэн, өөрийгөө ямар ч буруугүй хэмээн мэдэгджээ.
28 жил нэг байранд хоригдсон эрэгтэйг одоо эмнэлэгт хүргэн, эмчилж байгаа бөгөөд харин ээжийг нь баривчлан, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлээд байна.
Эх сурвалж: Sky News, Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.