Шинэ Зеланд улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг онц байдал зарлах шийдвэрийг Парламентад танилцуулсан бөгөөд Парламентын гишүүд өнөөдөр дэмжиж баталлаа. Тус улс 2025 он гэхэд нүүрстөрөгчийн төвийг сахисан орон буюу CO2 ялгаруулахгүй улс орон болох зорилтыг тавьж байна.
Ерөнхий сайд Жакинда Ардерн уг зорилтыг орчин цагт тулгарч буй томоохон сорилтуудын нэг гэдгийг мэдээлжээ. Түүнчлэн уг шийдвэр нь ирээдүй хойч үеийнхээ төлөө хийж буй маш чухал алхам гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг онц байдал зарласан 32 улс үндэстэн байдаг. Шинэ Зеландын Ногоон нам, Маори намынхан уур амьсгалын эсрэг онц байдал зарлах саналыг идэвхтэй дэмжсэн бол Үндэсний болон Акт намууд эсэргүүцжээ.
Шинэ Зеландад уур амьсгалын өөрчлөлтөөс болж биологийн олон төрөл зүйл устаж үгүй болохын зэрэгцээ уугуул байдлаа алдаж байна гэж үзсэн. Онц байдлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллагууд цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийг хэрэглээнд нэвтрүүлэх ба нүүрсээр галлаж олон нийтийн барилга байгууламжийг халаадаг 200 станцыг аажмаар хэрэглээнээс халах ажээ.
2019 онд нүүстөрөгч огт ялгаруулахгүй байх актад нэгдсэн болон Парисын зөвшилцөлд гарын үсэг зурсан улсын хувьд Шинэ Зеланд маш том өөрчлөлтийг эхлүүлэхээр болж байна. Учир нь Шинэ Зеланд нь аж үйлдвэржсэн 43 орны 12 дугаарт нь бичигддэг ба 1990-2018 оны хооронд дулаан ялгаруулалт нь нэмэгдсэн. Тэр дундаа сүүлийн 20 жилийн хугацаанд 60 хувь өсчээ. Тиймээс шийдэмгий алхам хийгээгүй тохиолдолд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах төдийлөн амаргүй гэж ажиглагчид таамаглаж байна.
Түүнчлэн Шинэ Зеландын нийт тээврийн хэрэгслийн 10 хувь нь л цахилгаан хөдөлгүүртэй. Дэлхийн дулаан ялгаруулалтын 0,17 хувийг эзэлдэг нь газар нутгийн хэмжээтэй харьцуулбал өндөр дүн юм байна. CO2-ын ялгаруулалтын гол үүсвэр нь автозамын тээврийн хэрэгсэл гэж үздэг байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.