Өмнөд Солонгост өнөөдөр коронавирусийн халдварын 511 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэг өдөрт бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо дахин 500 давлаа. Тус улсад хорио цээрийн дэглэмийг дахин чангатгаад байгаа хэдий ч тус улс энэ өвөл цар тахлын томоохон давлагаатай тулгарах нь тодорхой болоод байна.
Тус улсад өнгөрсөн пүрэв гарагт халдварын 581 шинэ тохиолдол бүртгэгдэн, сүүлийн найман сарын дээд хэмжээнд хүрсэн бол өнөөдрийг хүртэл энэ тоо бууран, 400-ээс хэтрэхгүй байсан юм. Эрх баригчид одоо нөхцөл байдлыг эрчимтэй хянаж байгаа бөгөөд өвлийн улиралд вирусийн халдвар нэмэгдэх аюултай тул шаардлагатай бол хорио цээрийн үе шатыг даруйхан өндөрсгөнө гэдгээ мэдэгджээ.
Мөн маргааш БНСУ даяар хэдэн зуун мянган сурагч Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөх тул бусад иргэдийг онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг уриалсан байна. Одоогийн халдварын тархалтын хурдыг бууруулахгүй бол ойрын 1-2 долоо хоногт өдөр тутамд 700-1,000 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж магалгүй гэж мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар тус улсад коронавирусийн нийт 35,163 тохиолдол бүртгэгдэн, 526 хүн нас бараад байгаа. Харин бүрэн эдгэрэн, тусгаарлалтаас гарсан иргэдийн тоо 28,065-т хүрчээ.
Эх сурвалж: Yonhap News Agency