Сингапур улс АНУ-ын гарааны компани болох "Eat Just"-ын лабораторид ургуулсан тахианы махны худалдааг зөвшөөрсөн шийдвэр гаргажээ. Ийнхүү Сингапур улс нядалсан малаас бус харин лабораторийн нөхцөлд гарган авдаг "Цэвэр мах"-ны борлуулалтыг зөвшөөрсөн анхны улс болж байгаа юм.
Хэрэглэгчид өөрсдийн эрүүл мэнд, амьтны сайн сайхан байдал болон хүрээлэн буй орчны талаар санаа зовж байгаатай холбоотойгоор ердийн махны оронд орлуулах бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байгаа билээ. "Beyond Meat Inc" ба "Impossible Foods"-ийн алдаршуулсан ургамлын гаралтай махны сонголтууд дэлгүүрийн тавиур, зоогийн газрын цэсэд түгээмэл харагдах болжээ.
Гэхдээ амьтны булчин эсвэл цээж хэсгээс нь дээж аван, эс эсээр нь салган, ургуулдаг энэхүү "Соёлжсон мах"-ны үйлдвэрлэлийн явц эхэн үе шатандаа явж байгаа юм.
"Eat Just" компанийн зүгээс "Хүн төрөлхтний аюулгүй хэрэглээнд зориулан амьтны эсээс шууд бүтээсэн бодит, өндөр чанартай мах нь анхны зөвшөөрлөө авснаар Сингапурт жижиг хэмжээний арилжааны нээлт хийх боломжийг олгож байна" хэмээн мэдэгджээ.
Тус компани мөн уг тахианы махыг наггет хэлбэрээр зарах бөгөөд бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй өгөх гэнэ. Өмнө нь тэд нэг ширхэг наггетаа 50 ам.доллароор зарна хэмээн мэдэгдээд байсан юм.
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.