БНХАУ Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун болон түүний гэр бүлийг коронавирусийн эсрэг туршилтын вакцинаар хангасан гэж АНУ-ын нэгэн шинжээч Японы тагнуулын хоёр эх сурвалжийг иш татан хэлжээ.
Вашингтонд байрлах Үндэсний ашиг сонирхлын төвийн Умард Солонгосын шинжээч Харри Казианис Ким Жон Ун болон Хойд Солонгосын хэд хэдэн өндөр албан тушаалтан аль хэдийн коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн гэж мэдэгдсэн байна. Харин Умард Солонгосын удирдагчийн гэр бүлд Хятадын ямар компани вакцинаа нийлүүлсэн бөгөөд тухайн вакцины аюулгүй байдал нь батлагдсан эсэх нь тодорхойгүй байгаа гэдгийг тэрээр онцолсон юм.
Казианис "Ким Жон Ун болон түүний гэр бүл, хамаатан садан, удирдлагын хүрээллийн хэд хэдэн өндөр албан тушаалтан сүүлийн 2-3 долоо хоногт БНХАУ-ын Засгийн газраас нийлүүлсэн вакциныг тариулсан" хэмээн нийтлэлдээ бичсэн байна.
АНУ-ын анагаах ухааны эрдэмтэн Питер Ж.Хотезын хэлснээр одоогоор Хятад улсад "Sinovac Biotech Ltd", "CanSinoBio" болон "Sinophram Group" зэрэг дор хаяж гурван компани коронавирусийн эсрэг вакцин боловсруулж байгаа аж. Хэдий энэ гурван компанийн аль нь ч гуравдугаар шатны клиник туршилтаа албан ёсоор зарлаагүй байгаа хэдий ч "Sinophram" компанийн вакциныг бараг сая орчим хятад иргэн тариулсан гэсэн мэдээлэл байгаа юм.
Тэгвэл зарим шинжээчид Ким Жон Уныг туршилтын вакцин хэрэглэнэ гэдэгт эргэлзэж байна. 2012 онд Умард Солонгосоос Өмнөд Солонгос руу дүрвэсэн халдварт өвчний мэргэжилтэн Чой Жун Хун "Хятадын вакцин батлагдсан байсан ч гэсэн ямар ч эм бэлдмэл төгс байдаггүй. Ким Жон Ун бүрэн тусгаарлагдах боломжтой олон тооны хоргодох байртай тул ийм эрсдэлтэй зүйл хийхгүй гэж бодож байна" гэж тэмдэглэжээ.
Харин Зүүн Азийн шинжээч, Дэлхийн энх тайвны олон улсын сэтгүүлийн дэд редактор Марк Барри Ким Жон Уныг Бээжингийн нийлүүлсэн вакцинаас илүү Европын батлагдсан вакциныг илүүд үзэх болно гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: Reuters