СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-12-01

Төсвийн байнгын хороо мөн хоригийг хүлээж авсангүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Байнгын хорооны хуралдааны үеэр хэд хэдэн гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-1-рт, Эрүүл мэнд, боловсрол, хилийн цэрэг, цагдаа, онцгой байдал гэсэн бусад төрийн байгууллагын урсгал зардлыг 20 хувиар танаж энэ мөнгийг цар тахлын эсрэг зарцуулах.

2-рт, дэд сайд, яам, агентлагийн газрын орлогч нарын өндөр зарлагатай орон тоог цомхотгох.

3-рт, музей, оффисын барилга зэрэг нэн шаардлагагүй 149 төсөл хөтөлбөрийг царцаахад нийтдээ 403 тэрбум төгрөгийг ЖДҮХС-гийн зээлд хуваарилах гэсэн ийм гурван саналыг гаргасан боловч харамсалтай нь МАН-ын бүлэг тоож хэлэлцэлгүй, 2021 оны төсвийг баталсан. Өнөөдөр цар тахал дотоодод гарч төсөв батласан үеийнхээс өөр нөхцөл байдалд байна. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг зайлшгүй хүлээж авч, төсөвт өөрчлөлт хийх шаардлагатай.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Нөхцөл байдал маш хүнд байна. 12-р сарын 01 хүртэл хөл хорио үргэлжлэхэд 152 мянган хүн ажлын байргүй болно. Хэрэв энэ сарыг дуустал хөл хорио үргэлжлэвэл 432 мянган хүн ажилгүй болно гэж МҮХАҮТ-ын судалгаагаар гарсан байна. Өөрөөр хэлбэл, ААН-үүд өөрсдийнхөө нөөцөөр ажлын байраа хадгалж чадах уу гэдэг асуултад судалгаанд хамрагдсан ААН-ийн 53 хувь нь 1 хүртэлх сарын хугацаанд өөрийн нөөцөөр ажлын байраа хадгалах боломжтой гэж хариулсан бол, 31 хувь нь 1-3 сар, 8 хувь нь 4-6 сарын хугацаанд урсгал зардлаа төлөх боломжтой  гэсэн байна.

Өнөөдөр зах зээл царцаж хүнээр зүйрлэвэл сэхээнд орчихлоо. Бид дусал залгахын тулд 800 мянган төгрөгийн ваучераар ААН-үүдээ хадгалж үлдье гэсэн чухал санаа. Япончууд цар тахлын үед дотоодын аялал жуулчлалаа дэмжсэнтэй холбоотойгоор ДНБ нь түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрлээ гэж байна. Одоо бид ААН-үүдээ аварч чадахгүй бол цаашдаа Засгийн газраас илүү их хохирол, мөнгө гарна. Японы Засгийн газраас өгч буй 233 сая ам.долларыг зорилтот бүлэг рүү шилжүүлэх ёстой. Энэ нь Ерөнхийлөгчийн санаачилсан нэг сая төгрөг гэсэн үг. Ард иргэдээ аварч нэг удаа мөнгөн тэтгэмж олгох чухал үе нь одоо ирчихээд байна.

Төсвийн байнгын хороон дарга Б.Жавхлан:

- Хэд хэдэн үндэслэл байна. Нэгдүгээрт, цаг хугацааны хувьд эрсдэлд орно. 12-рсарын 05 гэхэд орон нутгийн төсөв, 20 гэхэд сумдын төсөв, сүүлийн 10 хоногт улсын нэгдсэн төсөв батлагдаж гарах ёстой. Төсвийн тодотгол биш хориг учраас төсвийг эхнээс нь хэлэлцэх болно. Цаг хугацааны хувьд энэ ондоо багтааж хэлэлцэх ямар ч боломж байхгүй. Ийм цаг хугацааны эрсдэл байна.

Хоёрдугаарт, цар тахлын хуулийн хүрээнд төсвийн зохицуулалтууд хийгдээд явж байгаа. Төсвийн тодотголд хүрэлгүйгээр нийт алдагдлаа хөдөлгөхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нар хоорондоо урсгал зардлаа хасах, танах, шилжүүлэх ийм боломж байна. Цар тахлын тухай хууль энэ онд дуусна. Нэг удаа сунгах эрх нь УИХ-д бий. Сунгахаар ажиллаж байна. Хуулийн үйлчлэлийн хүрээнд төсвийн зохицуулалтуудыг хийх бүрэн боломжтой гэсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.