ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны ажилтан нийслэл Москва хотын Кремлийн нутаг дэвсгэр дээр амиа хорложээ. Энэ талаар "Baza" агентлаг өнгөрөгч даваа гарагт мэдээлсэн байна.
Талийгаач нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хувийн аюулгүй байдлыг хариуцдаг хэсгийн ажилтан Михаил Захаров хэмээн тогтоогджээ. Түүний ажлын хамтрагчийн хэлснээр Захаров маш өндөр ачаалалтай ажилладаг байсан бөгөөд сүүлийн ээлжүүдийнхээ нэгэнд тэрээр 15-аас дээш цаг ажилласан гэнэ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар талийгаачийн үхлийн шалтгааныг эхнэрт нь албан ёсоор мэдэгдээгүй байна. Захаров эхнэртэйгээ хамт амьдардаггүй байсан бөгөөд тэд арванхоёрдугаар сард харилцан тохиролцсоны үндсэн дээр салах ёстой байсан гэж хамаатан саднууд нь ярьсан байна.
Харин хууль сахиулах байгууллагын нэгэн эх сурвалж "ТАСС" агентлагт өгсөн ярилцлагадаа талийгаачийг Ерөнхийлөгч Путины хувийн аюулгүй байдлыг хариуцдаг ангид алба хаадаг байсан гэсэн мэдээллийг няцаасан юм.
Эх сурвалж: lenta.ru
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.