Дэлхий дээрх хамгийн ганцаардмал заан гэж нэрлэгдсэн Кааван Пакистаны амьтны хүрээлэн дэх зовлонт амьдралаасаа аврагдаж, Камбож улсад эсэн мэнд ирсэн тухай мэдээлжээ.
Түүнийг Камбожийн амьтны эрхийг хамгаалагчид баяртайгаар угтаж авсан байна. Зааныг угтаж авсан хүмүүсийн дунд Кааваныг Пакистаны амьтны хүрээлэнгээс аврах ажилд хуулийн багийг хөлслөн, ихээхэн дэмжлэг тусламж үзүүлсэн поп од Шер багтжээ.
Кааван нэртэй заан стандартын бус амьтны хүрээлэнд 35 жил хашигдсан бөгөөд эмэгчин нь 2012 онд үхсний дараа орь ганцаараа үлдсэн юм. Түүнийг Пакистанаас Камбожид авчирснаар өргөн уудам газар нутагт ижил сүргийн хамт нутагших ажээ.
Америкийн дуучин хатагтай Шер Сием Рийп нисэх буудал дээр зааныг угтаж авахдаа сэтгүүлчдэд өгсөн яриандаа “би энд байгаадаа маш их баяртай, бахархалтай байна. Тэр үнэхээр гайхамшигтай амьтан” гэжээ. Дөрвөн савар олон улсын амьтны эрхийг хамгаалах байгууллагын эмч Амир Халил “дэлхий даяар коронавируст цар тахалтай байхад тэр байнга нисдэг амьтан шиг л түвэггүй аялаад ирлээ” хэмээн ярьсан байна.
Пакистанаас Камбож хүртэл нислэгийн турш Кааван огт сэтгэл санаагаар хямралгүй тайван байсан бөгөөд хэвийн идэж, багахан унтаж амарчээ. Камбожийн хүрээлэн буй орчны дэд сайд Нэт Пеактра Кааваныг угтаж авч байгаадаа баяртай байгаа бөгөөд дэлхийн хамгийн ганцаардмал заан удахгүй ижил сүрэгтээ дасна гэдэгт найдаж байна гэжээ. Үүгээр зогсохгүй Камбожийн буддын шашны лам нар түүнийг гадил, тарвасаар хооллож, ариун усаар адислажээ.
Кааваныг аврах ажлыг Дөрвөн савар олон улсын байгууллага, дуучин Шертэй хамтран хэдэн жилийн турш хөөцөлдсөн байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.