Орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд шинжилгээний хариугаа авахаар 119.mn сайтад хандаж байгаа бөгөөд зарим иргэдийн шинжилгээний хариу гарахгүй удаж байна гэх мэдээлэлд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр "Олон мянган хүнээс шинжилгээ авч байгаа учраас ачааллыг зөв зохицуулах хэрэгтэй байгаа. Иргэд шинжилгээний хариугаа авахад бэрхшээл учирч байна. Иргэд сорьцын тэмдэглэл дээр өөрийн мэдээллээ бичихдээ гаргацтай бичих хэрэгтэй байна.
Хөдөө орон нутагт зорчих хүсэлтэй 91 мянган гаруй иргэнээс PCR шинжилгээ авах ажил эхэлсэн. Өчигдөр нийт 12 мянга гаруй иргэнээс шинжилгээ авсан. Ингэхэд шинжилгээний хариу 119.mn сайт руу орохгүй удаж байна гэх шүүмжлэл гарч байгаа. ХӨСҮТ, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лаборатори ачаалал даагаад, хариу нь цаг хугацаандаа гарч байна.
Тэгвэл орон нутагт зорчих иргэдийн шинжилгээ яагаад хугацаа алдаад байна вэ гэхээр тухайн хүний овог нэр, регистрын дугаарыг гаргацгүй бичсэнээс болоод шинжилгээний хариу шивэгдэхгүй удаж байгаа.
Шинжилгээний сорьц лабораторид шинээр кодлогдож ордог. Ингээд гарч ирсэн хариугаа тэр хүний регистр, овог нэртэй нь тулгаж байж хариу өгөх учраас цаг алдаж байна. Энэ асуудлыг цэгцлэхээр ажиллаж байна.
-Коронавирусийн халдвартай өвчтөний эмчилгээний өртөг өндөр байгааг хүмүүс их ярьж байна?
-Халдвартай нэг өвчтөний эмчилгээний дундаж өртөг 6.7-8.9 сая төгрөг байна. Үүн дээр эмзэглэх хэрэггүй, өртөг өндөр гэж гайхашруулах нь чухал биш. Эмнэлгийн халаалт, дулаан, эмнэлгийг хоолоор хангаж гал тогоо тасралтгүй ажиллаж байна. Эмч, мэргэжилтнүүд онцгой нөхцөлд, илүү цагаар ажиллаж байгаа цалингийн нэмэгдэл гэх мэт бүх зардлыг оруулж тооцвол өртөг илүү өндөр болно. Эмчилгээний өртөг бүгд бичигдэж байгаа, буруу зөрүү тооцоо гараагүй гэдэгт та бүхэн итгээрэй" гэлээ.
ВИДЕО:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.