Шри Ланкын нийслэл Шри-Жаяварденепура-Котте хотын захад орших шоронд бослого гарч, хамгаалагчид гал нээснээр найман хоригдол алагдаж, 59 хүн шархаджээ. Харин хоёр харгалзагч хүнд гэмтсэн байна.
Тус улсын шоронгуудад коронавирусийн цар тахалтай холбоотой үймээн самуун улам бүр нэмэгдсээр байгаа юм. Хорих ангиудад халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа тул сүүлийн хэдэн долоо хоногт хэд хэдэн шоронгийн хоригдлууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан аж.
Өнгөрөгч ням гарагт Махара шоронгийн хоригдлууд үймээн самуун дэгдээсэн бөгөөд албаны хүмүүс нөхцөл байдлыг хянахыг оролдсон гэж Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ажит Рохана хэлсэн байна. Гэвч энэхүү үймээн самуунтай байдал нь удалгүй бослогын шинжтэй болж хувирсан ба хоригдлууд шоронгийн хяналтыг авах гэж оролдон, хэдэн зуун хүн зугтахыг оролдсон гэнэ.
Үүний дараагаар олон зуун цагдаа тус шоронгийн эргэн тойронд байрлан, аюулгүй байдлыг бэхжүүлэн ажиллаж байгаа аж. Харин даваа гарагт хоригдлуудын 500 орчим хамаатан садан хорих ангийн урд цугларч, эрх баригчдаас хоригдлуудын талаар мэдээлэл нэхэн, аюулгүй байдлыг нь хангахыг шаарджээ.
Одоогоор Шри Ланка улсын таван хорих ангийн мянга гаруй хоригдлоос коронавирус илрээд байгаа бөгөөд тэднээс дор хаяж хоёр нь нас баржээ. Мөн 50 орчим харгалзагчийн шинжилгээ хариу "Эерэг" гарсан байна. Тус улсын хорих ангиуд хэт их бөөгнөрөлтэй байдаг бөгөөд 10 мянган хүний багтаамжтай байгууламжуудад 26 мянга гаруй хоригдол байрладаг аж.
Өнөөдрийн байдлаар тус улсад коронавирусийн нийт 23,987 тохиолдол бүртгэгдэн, 118 хүн нас бараад байна.
Эх сурвалж: Associated Press