Эрико Кобаяаши дөрөв дэх удаагаа амиа егүүтгэхийг оролджээ. Тэр 22 настай байхдаа Японы нийслэл Токио хотод хэвлэлийн газарт бүтэн цагаар ажилладаг байсан боловч авч байсан цалин нь байрны түрээс, хоол ундны зардалд огт хүрэлцдэггүй байжээ. Тиймээс маш ядуу амьдарч байгаадаа сэтгэлээр унан, анх удаа амиа егүүтгэхийг оролдож, гурав хоног эмнэлэгт ухаангүй хэвтсэнийхээ дараа сэргэсэн байна.
Одоо тэр 43 настай сэтгэцийн эрүүл мэндийнхээ тухай ном бичдэг, төрийн бус байгууллагад тогтмол ажил эрхэлдэг. Гэвч коронавирусийн халдварын тархалт өмнө нь удаа дараа мэдэрч байсан стресс бухимдлыг эргүүлэн авчиржээ. Кобаяашигийн хэлснээр цалингаа авч чадахаа больсон бөгөөд хонгилын үзүүрт гэрэл асч байгаад дахин итгэж чадахгүй болсон тул ядуурлын хямралд дахин өртсөн байна.
Цар тахлаас болж ажилгүйдэл, тусгаарлалт газар авснаас болж нийгмийн сэтгэцийн эрүүл мэнд хямарч байгааг судлаачид анхааруулж байгаа юм.
Япон улсад коронавирус тархаж эхлэхээс өмнө буюу 2019 онд иргэд амиа егүүтгэх үзэгдэл ойрын хагас зуун жилд хамгийн бага түвшиндээ хүрээд байсан. Гэвч өнгөрсөн аравдугаар сард тус улсад жилийн турш коронавирусийн улмаас нас барсан иргэдээс ч олон хүн амиа егүүтгэн нас баржээ. Засгийн газрын статистик мэдээлэлд дурдсанаар Ковид-19-өөр жилийн турш 2,087 иргэн нас барсан байна. Тэгвэл ердөө аравдугаар сард тус улсад 2,153 иргэн амиа егүүтгэжээ.
Токио дахь Васеда их сургуулийн дэд профессор Мичико Уедагийн хэлснээр дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад Япон улс коронавирусийн эсрэг хөл хорио, хорио цээрийн дэглэмийг харьцангуй бага авч хэрэгжүүлсэн ч амиа хорлолтын түвшин харьцангуй өндөр байна. Тиймээс хорио цээр, тусгаарлалтын дэглэм хэрэгжүүлж байгаа улс орнуудад иргэд амиа егүүтгэх үзэгдэл өсч магадгүй гэдгийг сэрэмжлүүлжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Арчаагүй, сэтгэлийн тэнхээгүй ард түмэн юм даа.
Манай монголчууд тэгэж хэрэглэхгүй ээ дэлгэсэн тэрлэг шиг нутагтай дэндүү тайван амгалан улсууд шүү дээ