Хөлбөмбөгийн бурхан тэнгэр хэмээн дүрээ мөнхөлсөн Аргентины хөлбөмбөгчин Диего Марадона өнгөрсөн долоо хоногт таалал төгсөж спортын ертөнцөд хүнд гарз тохиосон билээ. Гэвч түүний үхэл хэтэрхий гэнэтийн байсан бөгөөд жам ёсных байсан уу, хэн нэгний санаатай аль эсвэл санамсаргүй үйлдэл холбоотой юу гэдгийг прокурорууд шалгаж эхэлжээ.
Аргентины прокурорууд Марадонагийн хувийн эмч санамсаргүйгээр амь насаа алдах нөхцөлийг бүрдүүлсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж, шалган мөрдөх ажлыг Марадонаг таалал төгссөнөөс хойш дөрөв хоногийн дараа буюу ням гарагаас эхлүүлжээ.
Буэнос-Айрес хотын цагдаа нар Марадонагийн эмч Леопольдо Лукегийн хувийн эмнэлэг болон гэр байшинг нь дайчлан шалгажээ. Цагдаа, прокурорын байгууллагынхан Марадонаг хагалгааны дараа эмч нь хайхрамжгүй хандсанаас амиа алдсан байж болзошгүй гэж үзэн нотлох баримт хайж байна.
Энэ жил 60 настай Марадона энэ сарын эхэнд тархины хагалгаанд амжилттай орж, сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаад гэртээ зүрхний шигдээсээр таалал төгссөн юм. Одоогоор түүний хувийн эмч Лукед хэрэг үүсгээгүй ба тэрээр ямар нэг буруу зүйл хийгээгүй хэмээн мэдүүлсэн байна.
Ням гарагийн өглөө цагдаагийн 30 офицер эмчийн гэрт, 20 офицер Буэнос-Айрес дахь эмнэлэгт нь нэгжлэг хийжээ. Цагдаагийн ажилтнууд Лукегийн компьютер, гар утас, эмнэлгийн тэмдэглэгээ зэргийг шалгаж байна. Марадона хагалгааны дараа 24 цагийн турш асаргаа сувилгаатай байх ёстой ч түүнд хайхрамжгүй хандаж гэрт нь гаргасанд эмч мэргэжилтнүүд буруутай байж магадгүй гэж үзжээ.
Гэвч ийнхүү хардагдаж сэрдэгдсэнийхээ дараа Луке мэдэгдэл хийж уйлан, дотны найзынхаа амийг аврахын тулд чадах бүхнээ хийсэн бөгөөд нөхөн сэргээх төвд хэвтүүлэх ёстой байсан ч Марадона өөрөө хүсээгүй гэдгийг хэлжээ. Диего Марадона сэтгэлээр их унасан, ганцаараа байхыг хүссэн бөгөөд энэ нь түүний охид, гэр бүлийнхэн, эргэн тойрных нь хүмүүс түүнийг хайрлаагүйгээс болоогүй хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.