АНУ-д коронавируст цар тахлаар 14 сая орчим хүн халдварлаж, 270,000 гаруй хүн нас бараад байна. Дэлхий даяар халдвар авсан иргэдийн тоо 63 сая давж, 1,5 сая орчим хүн нас бараад байгаа юм.
Өнгөрч буй 11 дүгээр сард АНУ-д 4 сая хүн коронавирусээр халдварласан нь аравдугаар сарынхаас хоёр дахин өссөн үзүүлэлт ажээ. Тус улсад өнгөрсөн долоо хоногт Талархлын баяр тохиосон. Баярын үеэр иргэдийн хөдөлгөөнийг хориогүй тул ирэх өдрүүдэд Америкт коронавирусийн халдварын тархалт эрс нэмэгдэнэ гэдгийг халдварт өвчин судлалын мэргэжилтэн Энтони Фаучи анхааруулж байна.
Өнгөрсөн жил АНУ-д Талархлын баярын долоо хоногт 26 сая иргэн нисэх буудлуудаар үйлчлүүлсэн тоо гарсан бол энэ жил сая гаруй зорчигч нисэх буудлын шалган нэвтрүүлэх цэгээр өнгөрчээ. Тиймээс иргэд баярын өдрүүдэд аялсан бол гэртээ эргэж ирээд өөрийгөө тусгаарлахыг Фаучи зөвлөж байна.
Түүнчлэн Цагаан ордны коронавирустэй тэмцэх хөтөлбөрийн зохицуулагч доктор Дебора Бөркс 65-аас дээш насны хүнтэй уулзахаас аль болох татгалзахыг анхааруулсан бөгөөд ирэх долоо хоногуудад халдварын тархалт улс орон даяар 4-10 дахин нэмэгдэхээр байгаа нь ихээхэн түгшээж байгааг сэрэмжлүүлжээ.
Энэ хооронд Нью-Йорк хотын дарга Билл де Бласио ирэх 12 дугаар сард сургуулиудыг нээхээр төлөвлөсөн гэдгийг танилцуулав. Учир нь эцэг эхчүүд баар, зоогийн газрууд ажиллаж байхад сургуулиуд хаалттай байгаад дургүйцлээ илэрхийлэн гомдол мэдүүлжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.