Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын төлөөллүүд хамтран коронавирусийн талаарх цаг үеийн шуурхай мэдээллийг өглөө.
ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
ХӨСҮТ-ийн лаборатори, Зоонозын өвчин судлалын лаборатори болон бусад салбар лабораторид 9514 хүнд PCR шинжилгээ хийхэд 24 хүний шинжилгээний хариу эерэг гарч коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа.
Тухайлбал, Сэлэнгэ аймагт 7, Архангай аймагт 2, Улаанбаатар хотод 5, Дархан-Уул аймагт 9, зөөвөрлөгдөн орж ирсэн 1 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 784 боллоо.
Халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал бүхий хүмүүсийг тусгаарлах ажлыг хийгээд байгаа. Халдварын тохиолдол илэрсэн орон нутгийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүс бидэнтэй байнгын холбоотой байж мэдээлэл зөвлөгөө авч байгаа.
Коронавирусийн халдвар авч эмчлэгдэж байгаа 421 хүний биеийн байдлыг хэлбэл 339 нь хөнгөн, 71 нь хүндэвтэр, 5 хүн, 6 нь маш хүнд байна.
ЭМЯ-ны ОНХХ-ийн дарга Д.Нарангэрэл:
Архангай аймагт шинээр голомт үүслээ. Манайд гарч байгаа голомтуудын байдлыг харвал тархалтын эрч өндөр байна. Энэ нь манай улсын иргэд бие биенийхээрээ их зочилдог, хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс ахмад настай хүмүүсийн гэрт ихээр очдогтой холбоотой.
Зарим аймгуудад гарсан өвчлөлийг харахад нэг хүн маш олон хүнтэй харьцсан байсан. Тухайлбал нэг иргэн бүр 149 хүнтэй ойрын хавьталд орсон байсан. Гэвч ойрын хавьталд орсон нэг хүн амны хаалт зүүгээд 15-аас дээш минутын турш халдвар авсан хүнтэй харьцсан атлаа өвчин аваагүй байсан. Иймээс амны хаалтаа сайн зүүгээрэй хэмээн уриалж байна.
УОК-ын Шуурхай штабын дарга, Хурандаа Б.Ууганбаяр:
Улаанбаатар хотод тусгаарлан ажиглах 26 байранд 1403 иргэн байна. Орон нутагт 953 иргэн тусгаарлагдаж байна. Нийслэлээс орон нутгийн иргэдийг гаргах ажлыг хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор 20 цэгт шинжилгээ авах ажлыг хийж байна.
Дорноговь аймгаас УБТЗ-ийн 60 иргэнийг Улаанбаатар хот руу татах ажил өнөөдөр хийгдэнэ. Тусгаарлан ажиглах байранд 202, шалган нэвтрүүлэх товчоодод 306, 4241 албан хаагч Улаанбаатарт явганаар эргүүлд гарч байна.
Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-ДЭМБ-аас улс орнуудад иргэдээ томуугийн вакцинд хамруулах зөвлөмжийг өгсөн байсан. Томуугийн вакцинд хамрагдсан хүн коронавирусийн халдвар авсан тохиолдолд хөнгөн тусч байна гэдэг үнэн үү?
-Томуугийн вакцинд хамруулах улсын хэмжээнд 9-10 дугаар сард зохион байгуулсан. Манай улсын хувьд 525 мянган хүн туныг худалдан авч эмч, эмнэлгийн ажилтнууд, өндөр настан, хүүхэд, эрсдэл бүхий бүхий хүмүүсийг хамруулсан. Энэ вакцинд хамрагдсанаар коронавирусийн халдвар авлаа ч хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа гэсэн зөвлөмжийг хэрэгжүүлж энэ ажлыг хийсэн.
-Архангай аймагт очсон коронавирусийн халдвар бүхий хүн нууцаар шалган нэвтэрсэн юм уу?
-Тухайн хүн хүнсний тээврийн жолооч байсан учраас холбогдох эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авч, ном журмын дагуу шалганаар нэвтэрсэн. Нууцаар нэвтэрсэн зүйл огт байхгүй.
-Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг тогтоосноос үүдэн согтууруулах ундааны худалдааг бүрэн зогсоосныг иргэд олноор шүүмжилж байна. Согтууруулах ундааны худалдааг хязгаарлах нь ямар ач холбогдолтой вэ?
-Дархлаа сайтай хүн коронавирусийн халдвар авлаа ч өвчин нь хүндэрдэггүй. Маш хурдан эдгэж, эмчлэгддэг. Харин архи согтууруулах ундааны хэрэглээ нь дархлааг унагадаг. Архи, тамхи хэрэглэдэг хүн коронавирусийн халдвар авбал өвчин нь маш хурдан хүндэрч, улмаар амь нас нь эрсдэх тохиолдол их байгаа учраас дээрх хэрэглээнээс татгалзах уриалга хөдөлгөөн дэлхийн улс орнуудад хэрэгжиж байгааг хэлье.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Архи харин ч эсрэгээрээ сайн байдаг юм шүү!