СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-11-27

LIVE: Х.Баттулга: МАН-ын бүлэг асуудалд хэт улстөржсөн байдлаар бүдүүлэг хандсан нь эмгэнэлтэй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Тэрбээр Шүүхийн тухай багц хуулийн төслийг эргүүлэн татаж байгаагаа мэдэгдэв. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийг парламент хүлээж авахгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэн билээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Шүүхийн багц хуулийн шинэчлэл хэт их улс төржсөн, иргэд олон нийтийг төөрөгдүүлсэн, үндэсний эв нэгдлээ хангах төрийн үйл ажиллагааг алдагдуулсан, болхи, Монголын төрийн уламжлалт төрийн үйл хэрэгт үл зохицох байдлаар явагдах болсонд харамсч байгаагаа илэрхийлье.

Шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн асуудал бол улс төрийн нэг нам, бүлэглэлийн хэмжээнд ард түмний баялагт эзэн суусан этгээдүүдийн явцуу эрх ашгийг хангах байдлаар бус Монгол Улсын иргэн бүрийн хүний ёсоор хүндлэгдэж, хуулийн өмнө эрх тэгш байх нөхцөлийг бүрдүүлэх, татвар төлөгчдийн мөнгийг тэрбум тэрбумаар зувчуулсан эрх баригч намын гишүүн торгуулиад өнгөрдөг, 50,60-хан мянган  төгрөгний хэрэгтэй энгийн иргэн шоронд тарчилж байдаг увайгүй ёсыг халах тодорхой зорилтын хүрээнд олон талын оролцоог хангасан ажил хэрэгч, санал санаачилгыг хүндэтгэсэн, тус тусын эх оронтой мэт авирлахын оронд хамгийн оновчтой зов бодлогыг авахад чиглэсэн  байдлаар явагдвал зохих байлаа.

Тодорхой жишээ хэлье:

НДС-г тонон, татвар төлөгчдийн 340 сая төгрөгийг зувчуулсан, УИХ-ын гишүүн асан,  МАН-ын гишүүн Б.Ундармаа торгуулсан болоод хэргээс мултарч байхад айлын цонхоор нэвтэрч 50 мянган төгрөг хулгайлсан энгийн иргэн мөн баавгайн арьс, савар авч шоронд хоригдсон энгийн иргэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал гуйж байх жишээтэй.

Харамсалтай нь МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн багц хуулийн төслийг хэлэлцэхгүй гэдгээ зарлан, төрийн ёсыг умартсан, илэрхий гүжирдсэн, олон нийтийг төөрөгдүүлэх тодорхой зорилготой эрээ, цээргүй дайрсан мэдэгдлүүд хийж асуудалд хэт улстөржсөн байдлаар хэт бүдүүлэг хандсан нь туйлын эмэгнэлтэй гэхээс өөр дүгнэлтгүй болгож байна.

Шүүхийн багц хууль бол хэдэн шүүгчийн гэхээс илүү ард түмний амьдрал, хувь заяатай холбоотой асуудал.

УИХ шүүхийн тухай багц хуулийн төслийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байгаа нь хэлэлцүүлгийн явцад сайжруулна гэх итгэл үнэмшлийг огт төрүүлэхгүй байна. Миний бие Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд 2020 оны гуравдугаар сард Хууль зүй, дотоод хэргийн яам, Хуульчдын холбоо, хуульчдын байр суурийг тусгасан, хуулийн төслүүдийг судалж, зарчмын зөрүүтэй асуудлуудыг судалж, ажил хэрэгч саналуудыг тусган, шийдэл бүхий хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлэх нь зөв гэж илэрхийлсэн байдаг.

Гэвч Хууль зүй, дотоод хэргийн яам мэргэжлийн холбоод, мэргэжлийн хуульчдын саналыг үл тоомсорлон алдаа завхрал ихтэй хуулийн төсөл шууд өргөн мэдүүлсэн. Тиймээс оновчтой, зөв хууль гаргахын тулд хоёр хуулийг нэгтгэж, зарчмын зөрүүтэй асуудлыг сайжруулаад явна гэж бодсон боловч эрх баригч нам улстөржүүлсэн алдаагаа ухамсарласангүй.

Х.Баттулга: Би тодорхой бүрэн эрхээсээ татгалзсан анхны ерөнхийлөгч нь болж байна

-Би Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахад оролцохдоо ч, Шүүхийн багц хуулийн төслийг боловсруулахдаа ч зөвхөн шударга ёс тогтоох, шударга нийгэм тогтоох ганцхан зарчим баримталж, МУ-ын ерөнхийлөгчид олгогдсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох, Шүүхийн ёсзүйн хороо буюу одоо байгуулагдах Сахилгын хорооны гишүүдийг томилох тодорхой бүрэн эрхүүдээсээ өөрийн биеэр татгалзсан.

Энэ чиглэлийн өөрчлөлтийг бүрэн дэмжсэн. Үүнийг энгийн ухамсрын түвшинд хэн бүхэн ойлгоно.

Магадгүй үүгээрээ би шударга бусын хонгил байгуулж байсан ерөнхийлөгчдөөс өөр, бүрэн эрхээ огт нэмэгдүүлэхгүй, тодорхой бүрэн эрхээсээ татгалзсан анхны ерөнхийлөгч нь болж байна.  

Цаашид хэн нэгэн, хэсэг бүлэг этгээд, улс төрийн нэг нам, уул уурхайгаар сүлбэлдсэн тодорхой фракцид шударга бусын хонгил үүсгэх, хонгилоо хамгаалах, сэргээн байгуулахыг зөвшөөрөхгүй бас тэвчихгүй.

Монгол Улсын Ерөнхйилөгч бол өөрийн бүрэн эрхийн мандатыг нийт ард түмнээс авсны хувьд төр засгийн тогтвортой байдлыг хангах, төрийн тэргүүний хувьд улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагад зүй зохистой харилцан ажиллах, тэнцвэрийг хангахад дэмжлэг нөлөө үзүүлдэг эрхийг зүй ёсоор хадгалдаг цорын ганц албан тушаалтан байдаг юм байна.

Энэ бол миний үзэл дүгнэлт бус Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим, үзэл санаа, зарчим шаардлага.

Уншсан ном, соёлоо тулгадаг, төрийн бодлого болгох гэж улайрдаг, ард түмний амьдрал, өв уламжлал онцлогийг үл тоодог, үндэсний оршин тогтнол баталгаа, эрсдэлийг тооцох мэдрэмжгүй, асуудлыг харах чадваргүй, зарим талаар бүр ойлголт ч үгүй гэж хэлж болох нөхдүүд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, үндэслэлийг элдвээр мушгин, нэмэлт өөрчлөлтийн ач холбогдол, зорилгыг үнэгүйдүүлэх эрсдэл үүсгэж байгааг хууль тогтоогчид нухацтай ажиглаж, анхаарах нь зөв.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хөндөгдсөн нэг том асуудал бол Шүүхийн асуудал. Шүүхийн үйлчилгээний чанарыг сайжруулах, оновчтой, хүртээмжтэй болгох чиглэлд шүүхийг тойргийн замаар байгуулж, шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хангах үндсэн зорилгын хүрээнд ажиллах ёстой Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо байгуулах зэрэг тодорхой ач холбогдол бүхий гурван нэмэлт өөрчлөлт Монгол Улсын Үндсэн хуульд орсон. Эдгээр нэмэлт өөрчлөлтийн хоёрыг нь миний бие Төрийн тэргүүний хувиар оруулснаар батлагдсан юм.   

Гэтэл шинэчлэл өөрчлөлт хийж байгаа мэтээр өөрийгөө дөвийлгөн, бусдыг гутаах гэсэн өчүүхэн зорилгоо орхиод, үлгэрээ зогсоо, ашиг сонирхлоо тат, асуудалд нухацтай ханд!

Үүний тулд та бүхэн нөхцөл байдлаа эргэн харж дүгнэ!

Өнгөрсөн хугацаанд ард түмний шүүхэд итгэх итгэлийг бүрэн царцаасан, шүүх эрх мэдлийн нэр хүндийг шалдаа буулгасан, Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүнд зүй ёсоор хамаардаг нийгэм, төрийн байдалд ноцтой аюул занал учруулахуйц туйлын хүнд, бусармаг байдалд шүүхийг орууллаа.

Дүн өвлийн хүйтнээр УИХ-ын таван гишүүн МАНАН дэглэмийг нураах, шударга ёсыг тогтоох тэмцэл, хөдөлгөөн өрнүүлж, үүнийг 30 мянга гаруй иргэд дэмжин жагсаж байсныг та бүхэн мартаагүй байх аа.

Өнөөдөр эдгээр гишүүдийн зарим нь УИХ-ын дэд дарга, ЗГХЭГ-ын дарга, ХЗДХ-ийн сайдын өндөр албан тушалд дэвшин ажиллаж байна. Алив асуудал шалтгаантай бас шийдэлтэй байдаг...

Өнөөгийн Шүүхийн багц хуулийг 2012 онд МАН-ын гишүүдээс олонхи нь бүрдсэн, Д.Дэмбэрэл даргатай УИХ батлуулж байсан. Эдгээр хуулиар ШЕЗ-ийн болон ШЁХ-ны гишүүдийг томилж байх бүрэн эрхийг тухайн үеийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид олгож үр дүн муутай, маш сул хариуцлагын тогтолцоог шүүхэд бий болгосон юм.

Үр дүнд нь монголын төр хараат бус байдлын ард нуугдсан шударга бус шүүгч нартай хариуцлага тооцож чадахгүй хэмжээнд хүрсэн шударга бусын хонгилд хүрсэн, хэсэг бүлэг хүмүүс хууль шүүхийн байгууллагыг өөртөө ашигтайгаар, хүссэнээрээ хөдөлгөж чаддаг болсон зэрэг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэхээс өөр аргагүй бодит нөхцөл үүссэн байсан. Хамгийн тодорхой жишээ бол Салхитын мөнгөний ордтой холбогдсон шүүгчид. Өөр олон жишээг шударга бусын хонгилоор ороод гарсан хүмүүс ярьдаг...

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

МОНГОЛ ЯЛААГҮЙ
3 жилийн өмнө
27.255.77.227

Ардчилал аа хадгалж үлдэе гэвэл энэ хүний зорьж буй нэг хүний дарангуйллаас холуур байх хэрэгтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.