Өнөөдөр Бүгд найрамдах Монгол Улсыг тунхагласны баярын өдөр. Эдүгээгээс 96 жилийн өмнө буюу 1924 оны 11-рс арын 26-ны энэ өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан юм.
Улсын анхдугаар их хурал нийслэл хүрээнд болж халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу ба ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн их хуралд сонгогдсоноос 77 төлөөлөгч оролцсон байдаг. Ингээд Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталжээ.
Анхны Үндсэн хуулийн 1-р зүйлд:
“Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг УИХ ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” гэжээ.
Анхдугаар Үндсэн хууль нь бүхэлдээ Монголын түүхэнд анх удаагаа хаант ёсыг халж, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж, бүгд найрамдах улсыг тунхаглан зарласнаараа түүхэн ач холбогдолтой баримт бичиг гэж үздэг юм.
Эл өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай ч 2012 онд жирийн "тэмдэглэлт өдөр" болгон өөрчилсөн байдаг. Харин 2016 онд хуульд өөрчлөлт оруулж дахин нийтээр тэмдэглэх өдөр, бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг болсон юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.