“Халуун сэдэв” ярилцлагын зочноор АН-ын ҮБХ-ны гишүүн П.Мөнхтулгыг урьж, ярилцлаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа. Танай нам энэ хориг дээр ямар байр суурьтай хандаж байна. Учир нь танай намынхан төсөв дээр анализ хийгээд байгаа байх?
-Засгийн газарт зорилго алга. Дагаад төсөвт нь зорилго алга. Тухайлбал, 1,5 сая хүн амьдардаг Улаанбаатар хотод 2021 онд 365 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ. Гэтэл Хэнтий аймагт 126 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт. Үүгээр нь тооцож үзэхээр Улаанбаатарын нэг иргэнд 300 мянга, Хэнтийн нэг иргэнд 1,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт ногдож байна. Энэ төсөв Хэнтийн төсөв уу, улсын төсөв үү гэдгийг харах шаардлагатай болж байгаа юм. Дараа нь УИХ-ын даргын сонгогдсон тойрог болох Баянхонгорт 125 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Өөрөөр хэлбэл, албан тушаалтны дарааллаар хуваарилагдсан төсөв болсон.
Өнөөдөр банкны хэмжээн дэх чанаргүй зээлийн хэмжээ 28 хувьд хүрсэн байна. 2020 оны эдийн засаг 10 хувь агшсан. Ийм хүнд нөхцөлд маш үрлэгэн төсөв баталсан нь Монгол Улсыг дампуурлаа зарлахад хүргэхэд ойрхон байна. Маш олон аж ахуйн нэгжүүдийг дампууруулах зүйл болж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн энэ хориг маш цаг үеэ олсон үйлдэл боллоо гэж манай нам дүгнэж байна.
Ерөнхийлөгчийн хориг дээр дөрвөн санал байна. Үүн дотор нөгөө өрх бүрт сая төгрөг олгох. 800 мянгын ваучер, 200 мянга бэлэн тараах гээд. Эдийн засаг ийм хүнд үед энэ боломжтой юм уу?
- Дэлхийн улс орнууд ийм нөхцөлд ямар арга хэмжээ авч байгааг ажиглаж харах ёстой. Маш олон зөв гаргалгаанууд байна. Одоогоор дэлхийн 25 улс цар тахлын энэ нөхцөлд ард иргэддээ бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлсэн байна. Дахиад 70 гаруй улс ваучер, бэлэн мөнгийг хольж дэмжлэг үзүүлжээ. Эдийн засаг гэдэг бол та бид хоёр маш хурдан мөнгө солилцож байха ёстой зүйл. Гэтэл өнөөдөр хамаг зүйл зогссон. Иргэд бүгд цалингүй. Цааш энэ байдал үргэлжилбэл улам хүндэрнэ. Харин бэлэн мөнгө тарааснаар иргэд төрд хуримтлагдсан мөнгөөрөө эргээд худалдан авалт хийгээд, эдийн засгаа эргэлтэд оруулаад, амьдрал үргэлжлэх боломж бүрдэх юм.
АНУ-д цар тахлын үед эдийн засаг нь 30хан хувийн өсөлттэй гарсан ч иргэн болгондоо 1000 доллар өгсөн.
Манайхаас ядуу орнууд ч энэ аргыг хэрэглэж байна. Нигер улс манайхаас ДНБ-ээрээ бараг хоёр дахин бага улс. Гэтэл тус улс иргэн болгондоо сар бүр 52 долларын тэтгэмж үзүүлж байна. Мөн нэмж хүнсний талон өгч байна. Манайхаас ядуу улс ийм арга хэмжээ авч болоод байхад манай улс боломжгүй гээд байгаа юм.
Манай услад боломж бий. 2021 оны төсөвт тусгасан музей, соёлын төв гэх мэтийн хэрэггүй хөрөнгө оруулалтын зардлаасаа 300 тэрбумыг хэмнээд, үүнд зарцуулах боломжтой.
2021 оны төсөв тодотгох зайлшгүй шаардлага үүслээ гэж эдийн засагчид үзэж байна. Гэтэл Сангийн сайд нөхцөл байдлаа харж байж ярина. 2021 оны төсөв тодотгох тухай ярих нь эрт байна гэдэг тайлбар өгч байна л даа?
-Яалт ч үгүй тодотгох шаардлагтай. Одоо өөрсдийн гаргасан төсвөө хамгаалаад байх цаг биш. Улс оронд ийм хүнд нөхцөл байдал тулсан үед муйхарлаад хэрэггүй. Иргэн болгон цалингүй, компаниуд дампуурч байхад төсвөө зайлшгүй эргэж харах шаардлага үүссэн. Хамгийн гол нь энэ төсөв хувь улстөрчийг дөвийлгөх гэсэн л төсөв. Үүнийгөө иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, хүндрэлээс гаргахад чиглүүлээчээ л гэж хүсээд байгаа юм.
Цар тахлын үед хүүхдийн мөнгөнөөс өөр иргэдээ дэмжсэн зүйл 2021 оны төсөвт төдийлөн байхгүй л байх шиг байна л даа?
-Хүүхдийн мөнгийг мөрийн хөтөлбөртөө тусгасан хүмүүс угаасаа л өгөх ёстой. Харин хүүхэдгүй хүмүүс яах юм бэ. Хүүхэдгүй хүмүүс ч цар тахлын хүндрэлд нэрвэгдэж байна. Тиймээс бүгдэд нь тэгш хандах ёстой л доо. Тиймээс ч ерөнхийлөгчийн гаргасан өрх бүрт дэмжлэг үзүүлэх саналыг бид дэмжээд байгаа юм...
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үнэн шүү. Дэмжиж байна!
Nigeria Mongoloos yaduu gej hen helj bgaan? Yu ch medehgui gar bnashde