ОХУ-ын Гамаэля хүрээлэн болон Шууд хөрөнгө оруулалтын сан хамтран Спутник В коронавирусийн эсрэг вакцин гаргаж авсан тухай өнгөрсөн наймдугаар сард мэдэгдсэн билээ. Вакцины сүүлийн буюу гуравдугаар шатлалын туршилт дуусаагүй байгаа ч Ерөнхийлөгч Владимир Путины охин тариулсан тухай мэдээлсэн юм.
Тэгвэл Ерөнхийлөгч Путин энэ жил 68 настай тул халдвар авах өндөр эрсдэлтэй, хамгийн түрүүнд вакцинжуулалт хамрагдах бүлгийн хүн боловч өнгөрсөн хугацаанд урьдчилан сэргийлэх тарилга хийлгээгүй байна. Энэ талаар тодруулахад Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ерөнхийлөгч албан ёсоор батламжаа аваагүй вакцин хийлгэх боломжгүй. Бүх нийтийг вакцинжуулалтад хамруулах хөтөлбөр эхлээгүй байна. Мэдээж хэрэг төрийн тэргүүн сайн дураараа туршилтад хамрагдах нь боломжгүй зүйл” хэмээн тайлбарлажээ. Түүний үргэлжлүүлэн ярьснаар хэрэв шаардлагатай гэж үзвэл Путин вакцин хийлгэх эсэхээ мэдэгдэнэ гэжээ.
Дэлхийн улс орнуудаас ОХУ коронавирусийн эсрэг вакцин гаргаж авсан гэдгээ хамгийн эхэлж зарласан. Үүний дараа Америк, Германы фирмүүд 95 хувийн үр дүнтэй вакцинуудаа танилцуулахад Оросын Спутник вакцин халдвараас 91 хувь хамгаалах чадамжтай гэдгийг мэдэгдсэн юм. Модерна, Пфайзер компаниудын танилцуулсан вакцин өндөр үнэтэй, хадгалалтын тусгай горим шаардлагатай тул тээвэрлэхэд хүндрэлтэй байгаа. Харин Оксфордын АстраЗенекатай хамтарсан вакцин өртөг бага, тээвэрлэж, хадгалахад хялбар боловч 70 хувийн хамгаалах чадамжтай юм.
Тэгвэл Оросын үйлдвэрлэсэн вакцины нэг тун 10 орчим ам.доллар буюу бусад вакцинуудтай харьцуулахад 2-3 дахин хямд, цельсийн 2-8 хэмд хадгалах боломжтой гэдгийг Гамаэля болон Шууд хөрөнгө оруулалтын газраас нэмж мэдээлжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.