Шотланд улсын Парламентын гишүүд мягмар гарагт болсон хуралдаанаар охид эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үед хэрэглэдэг ариун цэврийн хэрэглэлийн хуулийг дэмжсэнээр энэ төрлийн бүх бүтээгдэхүүнийг үнэгүй болгох шийдвэрийг баталсан дэлхийн анхны улс боллоо. Парламентын гишүүдийн дэмжлэгийг авснаар хуулийг хэрэгжүүлэх эрхзүйн орчныг бүрдүүлэх шат руу шилжиж байна.
Period Poverty нь орлого багатай охид, эмэгтэйчүүд сар бүр ариун цэврийн хэрэглэлдээ зарцуулах мөнгө байдаггүйгээс хэрэглэл худалдаж авч чаддаггүй, өөрт тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжгүй нөхцөл байдлыг хэлэх бөгөөд үүнийг арилгахын тулд Шотландын Парламентын гишүүн хатагтай Моника Леннон хуулийн төслийг Парламентад танилцуулжээ. Тэрээр Period Poverty-г арилгах кампанит ажлыг 2016 оноос эхлүүлсэн байна.
Судалгаагаар Шотландад сургуулийн болон их сургууль, коллежийн насны дөрвөн охин тутмын нэг нь сарын тэмдэг ирэх үед ариун цэврийн хэрэглэлээ хангаж чаддаггүй гэжээ. Тэгвэл Их Британи даяар охидын 10 хувь ариун цэврийн хэрэглэл авч чаддаггүй бол, 15 хувь нь арай гэж авдаг, 19 хувь нь өөрт тохирсныг хэрэглэх санхүүгийн боломжгүй байдаг байна.
Залуу охид, бүсгүйчүүдийн сарын тэмдэг сар бүр тав хоног орчим үргэлжилдэг гэж тооцвол багадаа найман фунт стерлинг зарцуулах шаардлагатай байдаг нь санхүүгийн хувьд хүндрэл учруулдаг ажээ. Мөн 14-21 насны охидын 71 хувь нь дэлгүүрээс ариун цэврийн хэрэглэл худалдаж авахаасаа ичдэг гэж хариулсан байна. Эдийн засгийн болоод ичих байдлаас болж охидын бараг тэн хагас нь сарын тэмдэг ирсэн үедээ хичээл сургуулиа тасалдаг байна.
Эрх баригчид шинэ хуулийг дэмжсэнээр Шотланд даяар ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй болгоод зогсохгүй охид эмэгтэйчүүдэд хэрэгтэй үед аль болох олон төрлийн хэрэглэлийг байрлуулах газруудыг шийдвэрлэх ажээ.
Энэ хооронд Их Британийн бүрэлдэхүүн дөрвөн улсын нэг Англид энэ жилийн нэгдүгээр сараас эхлэн бүх бага болон дунд, ахлах сургуулиудад ариун цэврийн хэргийн хэрэглэлийг үнэгүй тарааж, ариун цэврийн өрөөнд байршуулдаг болсон байна. Түүнчлэн АНУ-ын зарим мужуудад сургуулийн хүүхдүүдэд ариун цэврийн хэрэглэл үнэгүй олгох хуулийг баталсан байдаг ажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.