Жил бүрийн талархлын баяраар АНУ-ын төрийн тэргүүнүүд цацагт хяруулд өршөөл үзүүлдэг уламжлалтай. Энэ жил Трамп Цагаан ордонд сүүлчийн удаа цацагт хяруулд өршөөл үзүүллээ. Ирэх нэгдүгээр сарын 20-ны өдөр Ардчилсан намаас Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден тангаргаа өргөснөөр Цагаан ордонд суух юм.
Олон нийтийн санал хураалтаар Корн, Боб нэртэй хоёр цацагт хяруулын Корн албан ёсны арга хэмжээнд оролцохоор сонгогджээ. Гэсэн ч энэ удаа хоёуланг нь зоогийн ширээнд тавигдахаас аврах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргажээ.
Талархлын баярын цацагт хяруулд өршөөл үзүүлэх ёслол албан ёсоор 1989 онд Жорж Бушийн үед эхэлсэн байна. Үүнээс өмнө Америкийн 16 дахь Ерөнхийлөгч Абрахам Линколны хүү Тад баярын ширээн дээр тавих цацагт хяруулыг өршөөхийг гуйж байснаар энэ санаа анх гарсан гэж үздэг ажээ.
Дональд Трамп ёслолын арга хэмжээн дээр "Өнөөдөр би азтай цацагт хяруул Корнд өршөөл үзүүлж байна. Мөн Кобыг ч Ерөнхийлөгчийн өршөөлд хамруулах шийдвэр гаргаснаа хүндэтгэлтэйгээр мэдэгдье. Өнөөдрийн арга хэмжээнээс хойш Корн, Коб нар дахин зоогийн ширээнд тавигдахгүй болно. Тэднийг Айова мужийн их сургуульд асран хамгаална. Тэнд аль ч насныхан очиж Америкийн уламжлалт фермийн аж ахуйтай танилцаж болно" хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.