Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалт, нөхцөл байдлын талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө. 2020.11.24-ний 11:00 цагаас хойш ХӨСҮТ, Сэлэнгэ, Дархан, Орхон, Дорнод лабораториудад 3301 хүнд PCR шинжилгээ хийхэд Улаанбаатарт 6, Сэлэнгэ аймагт 20, Дорноговь аймгийн Айраг суманд 1, улсын хэмжээнд нийт 27 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Улаанбаатарын зургаан тохиолдлын нэг тохиолдол нь ойрын хавьтлын давтан шинжилгээнд, бусад нь гэр бүл, караокеноос эхтэй хавтлын хүмүүс байсан. Эдгээр иргэд тусгаарлалтад байсан хүмүүс гэсэн үг.
Дархан, Орхон, Говьсүмбэр аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй.
Дотоодод нийт батлагдсан тохиолдол 262 боллоо:
Улаанбаатар хотод 60
Дорноговь аймагт 18
Айраг суманд 4
Замын-Үүд суманд 14
Сэлэнгэ аймагт 144
Сүхбаатар суманд 141
Мандал суманд 3
Дархан-Уул аймагт 20
Дархан суманд 18
Хонгор суманд 2
Орхон аймагт 17
Баян-Өндөр суманд 17
Говьсүмбэр аймагт 3
Сүмбэр суманд 3
Нийт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын нийт 959 хүн бүртгэгдсэн. Эндээс 149 хүн гурван удаагийн давтан шинжилгээ хийсэн бол 443 хоёр дахь давтан шинжилгээ хийгээд байна.
Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 699, үүнээс эдгэрсэн 342, ажиглалтад 30 хүн байна. ХӨСҮТ болон Цэргийн эмнэлэгт нийт 350 хүн ажиглалт, эмчилгээ хийлгэж байгаагаас нэг иргэний биеийн байдал маш хүнд амьсгалын аппарат орсон. Гурван иргэний биеийн байдал маш хүнд байгаа юм. Хүндэвтэр 56, хөнгөн 291 иргэн эмчлэгдэж байна.
Коронавирусийн төлөв байдлыг харахад маш ойрын хүмүүс халдвар авсан байгаа юм. Гэр бүлийн хүмүүс өвчлөх эрсдэл, нэг орцын хүмүүс, үзвэр үйлчилгээ үзсэн зэрэг ойрын хавьтал халдвар авч байгаа юм.
Нийт батлагдсан тохиолдлын 32 гаруй хувьд нь шинж тэмдэг илэрсэн. Шинж тэмдгийн хувьд хуурай ханиалгах, хоолой хөндүүрлэх, амт үнэр мэдрэхгүй зэрэг илэрчээ.