Франц улсын Засгийн газар коронавируст цар тахлын хоёрдугаар давлагаа шувтарч байна гэж үзсэн тул ихэнх хот, мужуудад тогтоогоод байсан хатуу чанга хөл хорио, хорио цээрийн дэглэмээ энэ долоо хоногийн амралтын өдрүүдээс сулруулж эхэлнэ гэдгээ мэдэгджээ. Ерөнхийлөгч Эммануэль Макроны хэлж байгаагаар дэлгүүр худалдааны төвүүдийг эргэн нээхээр төлөвлөжээ.
Түүнчлэн сарын дараа гэхэд зул сарын баяр болно. Зул сарын баяраар аз жаргалтай хором мөчөө гэр бүлийнхэнтэйгээ халуун дотноор өнгөрүүлэх боломжийг ард иргэддээ өгнө гэж Ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Кино театрууд, нээгдэж, зогсонги байсан авто зам, тээврийн хөдөлгөөнийг эргэн сэргээх ажээ. Гэхдээ баар, зоогийн газрууд ирэх нэгдүгээр сарын 20-ны өдөр хүртэл хаалттай хэвээр үлдэж байгаа юм.
Цар тахал эхэлснээс хойш тус улсад 2,2 сая иргэн халдварлаж, 50,000 орчим хүн нас барсан. Даваа гарагт Францад 24 цагийн дотор 4,452 шинэ тохиолдол илэрсэн нь есдүгээр сараас хойш хамгийн бага дүн юм.
Мягмар гарагийн орой телевизээр дамжуулан хийсэн мэдэгдэлдээ Ерөнхийлөгч коронавирусээс хамгаалах өндөр үр дүнтэй вакцинуудын туршилт амжилттай болж байгаа мэдээ итгэл найдвар төрүүлж байна гэжээ. Франц улс вакцинжуулалтын хөтөлбөрийг 12 дугаар сарын сүүл, нэгдүгээр сарын эхэн гэхэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хэрэв халдварын тархалт энэ хэвээрээ буурсаар байвал баар, зоогийн газруудыг тооцоолсноос эрт нээх зөвшөөрөл олгох ажээ. Түүнчлэн их сургуулиудыг ч нээх тухай яригдаж эхэлжээ.
Гэхдээ нөхцөл байдал муугаар эргэвэл халдварын гурав дахь давлагаа нүүрлэх аюултай тул үүнээс урьдчилан сэргийлж зайлсхийх шаардлагатай байгааг Ерөнхийлөгч анхааруулав.
Хөл хорионы хугацаанд хаалттай байсан бизнесийн байгууллагуудад эв нэгдлийн сангаас 10,000 евро, аль эсвэл эргэлтийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр авах журмыг баталсан байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.