Хэдийгээр АНУ-д сонгуулийн дүн маргаантай, коронавируст цар тахлаар 13 сая орчим иргэн өвчлөөд байгаа ч Цагаан ордон зул сарын баяраа тэмдэглэхэд бэлдэж эхэлжээ. Тэргүүн хатагтай Меланиа Трамп даваа гарагт Цагаан ордны 2020 оны зул сарын баярын гацуур модыг хүлээж авсан байна.
Энэ жилийн гацуур модыг Баруун Виржиниа мужид үйл ажиллагаа явуулдаг Дэн болон Брайны мод компаниас захиалж авчруулжээ. Уг фрейзер төрлийн гацуур 5,5 метр орчим өндөр юм байна. Тэргүүн хатагтай морин тэргэн дээрх гацуурыг хүлээж авах ёслолын үеэр амны хаалт зүүгээгүй байсан бөгөөд цэргийн хамтлаг “O Christmas Tree”, “O Come, All Ye Faithful”, “Hark, the Herald Angels Sing” зэрэг дууг тогложээ. Түрүү жилийн ёслолоос ялгаатай нь хоёр тэрэгч, морь хөтөлж байсан эрэгтэй амны хаалт зүүсэн байна.
Цагаан ордны хөх өрөөнд байрлуулах гацуур модыг сонгон шалгаруулах ажлыг 1966 оноос хойш албан ёсоор зохион байгуулж ирсэн юм. Үндэсний зул сарын модны холбоо сонгон шалгаруулалтыг явуулжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.