Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.24/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 4 335 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 32 иргэнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотын голомтын гурван хавьтлаас халдвар илэрсэн. Тэдний хоёр нь “Буян-Ухаа-2” хороололд амьдардаг иргэн юм. Хоёр дахь хүн нь Төмөр замын өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч байна. Тэдний ойрын хавьтлын 276 хүнийг тусгаарлаад байна.
“Буянт-Ухаа” хорооллын иргэдээс халдвар илэрсэн нь анх халдвар илэрсэн ойрын хавьтагчийн төрсөн өдөрт очсон иргэд байсан.
Харин Сэлэнгэ аймагт 26 тохиолдол нэмж илэрлээ. Бүгд ойрын хавьтлаас илэрсэн. Говьсүмбэр аймагт гурван хүнээс халдвар илэрлээ.
Дархан-Уул, Дорноговь, Орхон аймагт нэмж коронавирус бүртгэгдээгүй.
Нэг зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн. Арваннэгдүгээр сарын 10-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг жолоочийн давтан шинжилгээгээр коронавирус батлагдсан.
Нийт батлагдсан тохиолдол 672 болж, 342 нь эдгэрээд байна.
Дотоодод бүртгэгдсэн 235 халдвар: /2020.11.24/
Улаанбаатарт 54
Дархан-Уул 20
Дорноговь 17
Орхон 17
Говьсүмбэр 3
Сэлэнгэ аймагт 124 байна.
Коронавируст халдварыг гарсан цагаас нь хойш хариу арга хэмжээг эрчимтэй авснаар өнөөдөр 100 гаруй тохиолдолтой байна. Монгол улс дахь тархалтын "attack rating"-ийг тооцож үзэхэд сайн гарч байна. Халдварын эсрэг хариу арга хэмжээг авч хэрэгжүүлснээр халдварын тархалтыг 55 хувь бууруулж байдаг гэж үздэг бол манай улсын хувьд энэ арга хэмжээгээ эрт авснаар 70-80 хувь бууруулсан. Өөрөөр хэлбэл хариу арга хэмжээ сайн авснаар халдварын тархалтыг 2-3 дахин бууруулсан. Одоогийн арга хэмжээг аваагүй бол халдвартай хүний тоо 800 гаруй байх байсан гэлээ.