Баруун Австрали мужийн амрагч ихтэй далайн эрэгт аварга махчин загас хүн рүү дайрч амь насанд нь хүрсэн хэрэг гарчээ. Аварга загасны дайралт мужийн хойд хэсэгт байдаг Cable далайн эргийн ойролцоо гарсан байна. Эрэгтэйг аварга загасны дайралтад өртсөний дараа уснаас татаж гаргасан боловч амь насыг нь аварч чадаагүй ажээ.
Уг дайралтын дараа далайн эргийг хааж, олон нийтийг уснаас хол байхыг уриалжээ. 2020 он гарснаас хойш Австрали улсын нутаг дэвсгэрт аварга загас хүний аминд хүрсэн найм дахь тохиолдол болж байна. Засгийн газрын агентлагийн судалгаагаар энэ онд аварга загас хүн рүү дайрсан нийт 22 тохиолдол бүртгэгджээ.
Сар орчмын өмнө Баруун Австрали мужийн далайн эргийн ойролцоо сөрфинг хийж байсан эрэгтэй мөн аварга махчин загасны идэш болсон юм. Энэ жил тус улсад 1929 оноос хойш 90 гаруй жилийн түүхэнд хамгийн олон хүн аварга загасны дайралтад өртөж нас барсан тохиолдол болж байна. 1929 онд түүхэндээ хамгийн олон буюу есөн хүн аварга загасны идэш болж байжээ.
Өнгөрсөн жил буюу 2019 онд аварга загас 32 хүн рүү дайрсан тохиолдол бүртгэгдсэний ердөө хоёр нь амь насаа алдсан бол энэ жил үүнээс бага буюу 22 удаа аварга махчин загас хүн рүү дайрсан тохиолдол бүртгэгдсэн боловч найман хүн нас баржээ. Өнгөрсөн 10 жилийн дундаж тоо баримтыг харвал жилд дунджаар 20 орчим удаа аварга загас хүн рүү дайрсан бол зуун жилийн дунджийг харвал жилд 0,9 хүн нас барсан байгаа нь нэг ч хүний тоонд хүрэхгүй байгаа юм.
Цаг агаарын байдлыг судалж үзвэл бороо хур орсон үед аварга загасны халдлага дайралт өсөх хандлагатай байдаг ажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.