Стокхолм хотноо төвтэй Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (АСДҮОУХ)-гийн 25 жилийн ойн Олон улсын бага хурлыг 2020 оны 11 дүгээр сарын 19-20-нд “Ардчилал: одоо ба ирээдүйд” ерөнхий сэдвийн дор Ази, Африк, Латин Америк, Европын бүс нутгийг хамарсан бүсчилсэн 12 хэлэлцүүлэг байдлаар цахимаар зохион байгуулжээ.
Үндсэн хуралдаан “Тогтвортой ардчилал: ардчилал, залуучууд, уур амьсгалын өөрчлөлтийн харилцан уялдаа” сэдвээр болж дэлхийн өнцөг бүрээс төлөөлөгчид оролцсон байна.
Ойн хуралдаанд АСДҮОУХ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Кевин Касас-Замора, Шведийн Парламентын дарга Андреас Норлен, Гадаад хэргийн сайд Анн Линде, Австралийн Сенатын Ерөнхийлөгч Скот Райан, ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны нэгдүгээр орлогч захирал Катаржина Гардапхадзе болон эрдэмтэн судлаач, ардчиллын төлөө тэмцэгч залуучуудын төлөөлөл зэрэг 63 илтгэгч оролцож, ардчиллыг тогтвортой хөгжүүлэхэд сонгууль болон залуучуудын оролцоо, уур амьсгалын өөрчлөлтөд ардчилал хэрхэн нааштай нөлөөлөх зэрэг асуудлаар санал бодлоо солилцжээ.
АСДҮОУХ-ийн 25 жилийн ойн хуралд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин цахим мэндчилгээ дэвшүүлсэн байна. Тэрээр ардчиллын үнэт зүйлийн талаарх иргэдийн боловсролыг дээшлүүлэх замаар ардчиллыг байнга өөрчлөн сайжруулж байх шаардлагатайг тэмдэглэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.