ОХУ-ын алс дорнодын боомтын хот Владивостокт өнгөрсөн долоо хоногт хүчтэй цас мөсөн шуурга болжээ. Шуурганы улмаас цахилгааны утаснууд мөстөж, тас хөлдөн гэрэл цахилгаан тасарсан байна. Приморский мужид байгалийн онц ноцтой үзэгдлийн дараа тээврийн хэрэгслүүд зогсож, сургуулиудыг хаан, онц байдал зарлажээ.
Алс дорнодод 150,000 айл -1 хэмийн хүйтэнд халаагуур, ундны усгүй, эрчим хүчний эх үүсвэргүй болсон байна. Аврах албаныхан болоод армийн цэргүүд орон нутагт ажиллаж байна. Приморский мужийг хариуцсан дэд захирагч Элена Пархаменко зарим өрхүүдэд багагүй хугацаанд гэрэл цахилгааныг эргэн холбож чадахгүй нөхцөл байдал үүссэн гэдгийг тайлбарлажээ.
Мужийн цаг уур судлалын газрын дарга Борис Кубай халуун цаг уурын бүсийн шуурга, хүйтэн цаг уурын шуургатай мөргөлдсөнөөс ийнхүү хаа сайгүй хөлдөж, цас мөсөнд хучигдсан хэмээн мэдээлсэн байна. Цахилгааны утас болоод мод ойролцоогоор 1,2 см зузаан мөсөнд хучигдсан нь ойрын 30 жилд тохиогоогүй үзэгдэл юм.
Владивостокт коронавирусээр өвчилсөн өвтчөнүүдийг эмчилж байгаа эмнэлэг болоод бусад эмнэлгүүд тоггүй байгаа тул генератор ашиглаж байна. Инженерүүд эмнэлгүүдийг эрчим хүчний эх үүсвэртэй холбох нь нэн тэргүүний ажил болоод байгаа юм.
Энэ хооронд нийтийн тээврийн хэрэгслүүд, нислэгүүдийн хуваарь удаан хугацаанд саатаж байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.