Арилжааны банкууд өнөөдрөөс ажиллаж, бэлэн мөнгөний гүйлгээ хийхгүй, зөвхөн тэтгэмж олгоно гэж мэдэгдсэн. Бодит байдал дээрээ ямар байгаа талаар бид сурвалжилсан юм.
Өнөөдрөөс Капитрон, Хаан, Хас болон Төрийн банкны хэд хэдэн салбарууд ажиллаж эхэллээ. Зөвхөн Тэтгэвэр тэтгэмж, Халамжийн мөнгөө авах иргэдэд үйлчлэхээр болоод байна.
Мөн Нийгмийн халамж, тэтгэмжийн хөнгөлөлт олголттой холбогдуулан иргэдийн харилцах дансанд тухай бүрт мөнгийг байршуулж, картгүй иргэдийг картжуулах ажлыг цахимаар зохион байгуулж, зайнаас цахим банкны үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар зайлшгүй банкаар үйлчлүүлэх шаардлагатай Тэтгэвэр тэтгэмжийн 19,000 иргэн, Хүүхдийн мөнгө авах 14,000 мянган иргэн байна.
Банкны ажилтнууд Ковид 19-ийн шинжилгээнд бүрэн хамрагдсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 30 мянган иргэд рүү тус бүр залгаж цагийн хуваарьт оруулж, салбар нэгж, тооцооны төв бүрээр хуваасан байна. Өнөөдрөөс бүрэн бүрэлдэхүүнээрээ зохицуулалт, зохион байгуулалт хийж ажиллаж эхэллээ.
Төрийн банкны 50 мянгатын салбар өглөө найман цагт нээгдэж, иргэд хоёр метрийн зай барьж дугаар үүсгэн үйлчлүүлж байна.
Банкан дээр дугаарлаж байгаа иргэдийн зарим нь байрны төлбөрөө төлөх, нийгмийн даатгалын шимтгэлийн баримт авах зэрэг халамжийн үйлчилгээнээс бусад төрлийн банкны үйлчилгээ авах гэсэн иргэд байлаа.
Нэг иргэний хувьд хорооны нийгмийн ажилтан залгаж, асаргаанд байдаг аав, ээж хоёрт нь тэтгэмж авах банкны карт захиалсан Төрийн банк дээр 10:00 цагт ирж авах талаар мэдэгдсэн байна. Иргэдийн хувьд 08:00 цагаас эхэлж, банкны гадаа дугаарлаж байгааг хэлж байлаа.
Банкны хувьд тэтгэвэр, халамж, хүүхдийн мөнгөний олголтоос бусад төрлийн гүйлгээг хийхгүй гэдгийг мэдэгдээд байгаа юм.
Үйлчлүүлэхээр ирж байгаа харилцагчдын хувьд халамж, хүүхдийн мөнгийг нь олгохоос гадна цахим үйлчилгээнд бүртгэх, картжуулах бүртгэлийн ажлыг давхар хийж байгаа учир нэг харилцагчдад тодорхой хугацаа зарцуулж байгаа юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.