Өнгөрсөн амралтын өдрүүдэд Бүлэг 20 орны удирдагчид дээд хэмжээний цахим уулзалтыг зохион байгуулж, Саудын Араб улс даргалсан. Энэ уулзалтаар яригдсан гол сэдэв нь коронавирусийн тархалт ба түүнээс сэргийлэх вакцинжуулалтын хөтөлбөр байлаа.
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд энэ онд багтаж вакцинжуулалтын эхний хөтөлбөрт ард иргэдээ хамруулах боломжтой ч ядуу буурай улс орнууд орхигдох эрсдэлтэй байгааг ХБНГУ-ын канцлер Ангела Меркель анхааруулжээ. Хэдийгээр дэлхийн удирдагчид вакциныг улс орон бүрт ижил тэнцүү хуваарилах тухай ярьсан ч Меркель ядуу улс орнууд цаг алдаж, вакциныг хожимдож хүлээн авч болзошгүй тул Швейцарьт төвтэй Gavi олон улсын вакцины холбоотой хамтарч буурай орнуудыг цаг алдалгүй хамруулах тал дээр ажиллахыг уриалсан байна.
Цар тахлын улмаас цахимаар зохион байгуулагдсан дэлхийн хамгийн чинээлэг улс орнуудын уулзалтад цар тахлын үед эдийн засгийн хямралд өртсөн жижиг улсуудад дэмжлэг үзүүлэхээ амлажээ. Коронавируст цар тахал бараг жилийн өмнө Хятадад анх бүртгэгдсэнээс хойш дэлхийн 60 сая орчим иргэн халдварлаж, 1,4 сая иргэн нас бараад байна.
Бүлэг 20 орны удирдагчид коронавирусийн эсрэг вакциныг үйлдвэрлэхэд шаардлагатай санхүүг яаралтай босгох, ижил тэнцүү хуваарилан тараахаа амласан. Хурлыг даргалсан Саудын Араб улсын Сангийн сайд Мохаммед аль Жадаан “хэрэв аль нэг улс вакцинд хамрагдаж чадалгүй орхигдвол тэр улс нь бид байх болно” гэжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.