Гватемал улсад Засгийн газрыг эсэргүүцсэн зуу зуун иргэн эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн байна. Тэд Засгийн газрын ордон руу дайрч, галдан шатаасан бөгөөд хэв журам сахиулах цагдаа нартай мөргөлджээ.
Орон нутгийн цагаар бямба гарагт жагсагчдыг халдах үед Засгийн газрын ордон эзгүй байжээ. Гал гарч эхэлснээс хойш 10 орчим минутын дараа гал унтраах анги ирсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн шөнө тус улсын эрх баригчид төсвөө баталсан. Гэвч энэ төсөвт боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулах хөрөнгийг танасан нь өргөн хүрээний эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм.
Нөгөө талаар төв Америкийн бүс нутгийг Эта, Иота хар салхинууд удаа дараалан дайрч, асар их хэмжээний гарз хохирол дагуулж буй хүнд цаг үед эрх баригчид төсөв баталсан нь иргэдийн уур бухимдлыг өдөөжээ. Жагсагчид тус улсын Ерөнхийлөгч Алехандро Гиамматтейг огцрохыг шаардаж байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.