Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын мэдээг /2020.11.21/-ний 17.00 цагийн байдлаар танилцууллаа. Өглөө мэдээлэл хийснээс хойш нэмж дөрвөн хүнээс илэрч, нийт тохиолдлын тоо 582 боллоо.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өглөө 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш нийтдээ улсын хэмжээнд дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдлээ. Эдгээр дөрвөн хүн Замын-Үүдээс илэрлээ.
-Улаанбаатарын голомтод шинээр нэмэгдээгүй, энэ голомтын батлагдсан тохиолдол 38 байна.
-Сэлэнгийн голомтод шинээр нэмэгдээгүй, энэ голомтын нийт батлагдсан тохиолдлын тоо 58 байна.
-Дархан-Уул аймгийнх нэмэгдээгүй, 16 хэвээрээ байна.
-Орхон аймгийн голомт нэмэгдээгүй, энэ голомтын батлагдсан тохиолдол 16 байна.
-Дорноговийн голомтоос 4 хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 16 болсон бөгөөд 13 нь Замын-Үүдэд бүртгэгджээ.
-Говьсүмбэр аймгийн голомт нэг хэвээрээ байна.
Монгол Улсад батлагдсан тохиолдол 582 болсноос 337 нь эдгэрч, 7 хүн нутаг буцаж, ХӨСҮТ-д 238 хүнд эмчлэгдэж байна гэлээ.
Халдвартай хүмүүсийг эмчлэхээр ХӨСҮТ-д 10 баг ажиллаж байна. 2020 оны гуравдугаар сарын 10-нд анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш эмчилж ирсэн. Эмчилгээг ХӨСҮТ-ийн клиникийн эмч нар хийж байна. Анхны тохиолдлыг н.Чинбаяр эмчилсэн. Залуу эмч нарыг дадлагажуулж ажиллуулдаг.
Нэг баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Одоо нийт 10 эмчилгээ үйлчилгээний баг ажиллаж байна. Нэг эмч, нэг сувилагч, нэг асрагч, ариутгагч, рентген техникч, шаардлагатай үед хоёр эмч ажиллана. Халдвартын хэсгийн бүх эмч нар оролцдог. Бид ДЭМБ-ын гаргасан дэлхийн жишигт нийцүүлэн ажилладаг.
Хавьтлыг эрт илрүүлэх, тусгаарлалтыг богино хугацаанд хийх, эрэмбэлэн ангилалт, хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулах дээр анхаардаг.
Өвчтэй хүмүүст вирусийн эсрэг эмчилгээг хийдэг. Тодорхой шаардлагатай эмүүдийг хэрэглэнэ. Дархлаа дэмжих эмчилгээ хийнэ. Өвчтөн бүрд тохируулж эмчилгээ, үйлчилгээг хийж байна гэлээ.