Энэ сарын 20-ны 17:00 цагаас хойш коронавирусийн нийт 21 тохиолдол шинээр батлагдлаа. Тухайлбал, Улаанбаатар хотод 5, Сэлэнгэ аймагт 5, Дорноговь аймагт 6, Орхон аймагт 4 коронавирусийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдлээ.
Нийт дүнгээр авч үзвэл:
Монгол Улсад "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 578 боллоо. Үүнээс эдгэрсэн 337, сувилалд тусгаарлагдсан 25, гэрийн ажиглалтад 2, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310, нутаг буцаасан 7 хүн байна.
Дотоодод голомтлон гарч буй нутаг дэвсгэрт 142 тохиолдол бүртгэгдсэн.
БАЙРШИЛ:
ХӨСҮТ-д нийт батлагдсан тохиолдол болох 234 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд 2, хүндэвтэр 42, хөнгөн 190 байна. Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы хязгаарлалтыг эрт авч хэрэгжүүлснээр халдварын тархалт 3-4 дахин буурч, ойрын болон дам хавьтлын илрүүлэлт нэмэгдэж байна.
Ялангуяа боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосноор халдварын батлагдсан тохиолдлын хавьтал болох ЕБС-ийн сурагч, оюутныг олж илрүүлсэн байна.
Клиникийн шинж тэмдгийн үед хамгийн эхэнд илэрч байгаа шинж тэмдэг бол амт үнэр мэдрэхгүй, бие арзайх, ядрах, сулдах, өндөр халуурах, булчингаар өвдөх, гишгэж явахад хэцүү болох, толгой өвдөх. Ийм шинж тэмдэг илэрч байгаа иргэд 119 дугаарт хандах хэрэгтэй.
Сэтгүүлч нарын асуулт:
-Манай улсын хувьд 300 гаруй иргэний эдгээсэн. Ямар эмчилгээ хийсэн бэ. Архаг хууч өвчтэй хүмүүс байгаа. Эдгэрэх хугацаа хэр байна вэ?
-Зөөвөрлөгдсөн орж ирсэн тохиолдол бүртгэгдэж эхэлснээр ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу эмчилж байгаа. Коронавирусийн батлагдсан тохиолдлыг эхний үед вирусийн эсрэг эмчилгээ хийж байна. Вирусийн эсрэг дөрвөн төрлийн бэлдмэлийг биеийн байдлаас хамаарч хийж байгаа. Дархлаа дэмжих эмчилгээ хийдэг. Эмнэлгийн ор хоног 10-64 хоног, дунджаар 28 хоног эмчлэгдээд гарч байгаа. Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудын 60-70 хувь нь шинж тэмдэггүй хөнгөн хэлбэрээр илэрч байсан. Голомтын эхний батлагдсан тохиолдол эмнэлзүйн шинж тэмдэг илрэхээс өмнө илрүүлж, эмчилж байгаа.
-Шинжилгээ өгөхгүй байгаа иргэдийн хувьд ямар газраар зорчсон иргэд вэ?
-Халдварын батлагдсан тохиолдлын зам мөрийн хувьд түрүүчийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг 24 цагийн хугацаанд олж аваад тусгаарлаж байгаа. Тэгэхээр ойрын хавьтлаас халдвар илэрсэн. Гадуур хоёрдогч, хаа хамаагүй хүмүүсээс одоогоор бол коронавирусийн халдвар илрээгүй гэж ойлгох хэрэгтэй. Багануур дүүрэгт батлагдсан тохиолдлын хувьд Сэлэнгэ аймгийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байсан бөгөөд тусгаарлан ажиглаж байх хугацаанд халдвар илэрсэн.
Өнөөдрийн байдлаар гадаадад оршин суугаа 90 гаруй иргэн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Эдгээр иргэдийн хувьд хөнгөн тусч, гэртээ тусгаарлагдан зөвлөгөө мэдээлэл авч эдгэрсэн.
Дархан-Уул аймгийн хувьд халдварыг бүрэн хумьсан гэж ойлгож болохгүй. Эхний хариу арга хэмжээ сайн байсан гэж ойлгож болно. Ингээд 14, 28 хоногт дахин халдвар илрэхгүй бол халдварыг хумьсан гэж олон улсад үздэг.