Их Британийн хатан хаан Элизабет, Эдинбургийн гүн Филип нар хуримаа хийсний 73 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэд хуримын ойн баяраа угтаж хамтдаа ач гуч нарынхаа хийсэн мэндчилгээг уншиж байгаа зургаа олон нийтэд дэлгэжээ. Тэд ханхүү Жорж, Луйс болон гүнж Шарлотт нарын хийсэн бүтээл, мэндчилгээг соёрхож байгаа ажээ.
Хос Виндсор шилтгээний Оак өрөөний буйдан дээр суун зургаа авахуулсан байна. Коронавируст цар тахлын үед тэд хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэн Виндсор шилтгээнд хамтдаа хөл хоригдож байгаа юм.
Зурган дээрээс харахад хатан Элизабет хонин нүдэн цэцгийн хэлбэртэй, очир эрдэнийг цагаан алтан дээр шигтгэж, индранил чулуугаар хийсэн энгэрийн тэмдгийг зүүсэн байжээ. Уг энгэрийг тэмдгийг хатан Эдинбүргийн гүн Филиптэй гэрлэснийхээ дараа бал сарын баяраа тэмдэглэж байхдаа зүүсэн байдаг ба 2007 онд очир эрдэнэ хуримын ойгоо тэмдэглэж байхдаа зүүж байжээ. Үүнээс харахад хатан урт удаан хугацаанд хамтдаа амьдарч байгаагаа бэлгэдэн энэ удаад ч мөн зүүсэн байх хэмээн таамаглаж байна.
Хатан Элизабет энэ жил 94 насыг зооглож байгаа бол гүн Филип 99 насыг зоогложээ. Филип 2017 онд олон нийттэй холбоотой арга хэмжээнээс албан ёсоор татгалзсанаас хойш тэд ихэнх цагаа тусдаа өнгөрөөх болсон байна. Филип Норфолк дахь Сандрингхамын гэртээ ихэвчлэн амьдарч байгаа бол хатан Виндсор шилтгээн болон Букинхэмийн ордонд үлджээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайхан юм даа