СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дональд Трамп Индонезийн сайдыг нууцаар хүлээн авч уулзжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн мягмар гарагт Цагаан ордонд Индонези улсын Далай тэнгисийн харилцаа, хөрөнгө оруулалтын сайд Лухут Бинсар Панджайтаныг хүлээн авч уулзжээ. Гэвч энэ уулзалтын талаар Ерөнхийлөгчийн олон нийтийн цагийн хуваарьт огт дурдаагүй бөгөөд Цагаан ордны албанаас ч мэдээлэл танилцуулаагүй байна.

Харин уулзалтыг Индонезийн талын эх сурвалж баталжээ. Тус улсын Засгийн газрын баталсан мэдээллээр Далай тэнгисийн харилцаа, хөрөнгө оруулалтын сайд Лухут Бинсар Панджайтан Ерөнхийлөгч Трампаас гадна түүний зөвлөхүүд болон Жэред Көшнер, Иванка Трамп, Олон улсын хөгжлийн эдийн сангийн корпорацийн гүйцэтгэх захирал Адам Боелер нартай уулзсан байна. Түүнчлэн Индонезийн Засгийн газрын мэдээлэлд “Уулзалтын үеэр сайд Ерөнхийлөгч Жоко Видодогийн мэндчилгээг Дональд Трампад уламжилсан бөгөөд түүний хоёр улсын хамтын ажиллагаа, дэмжлэгийг үргэлжлүүлсэнд талархсан болно” гэжээ.

Олон улсын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Ерөнхийлөгч Трамп энэ сарын эхэнд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд урьдчилсан дүнгээр ялагдал хүлээснээс хойш олон нийтийн өмнө гарахаас аль болох зайлсхийх болжээ. Энэ сарын 12-ны өдрөөс хойш Трамп олон нийтийн уулзалт, коронавирусийн талаарх мэдээлэл хүргэх зэрэг арга хэмжээнүүдийг төлөвлөөгүй байна. Трампын сонгуулийн кампанит ажлын менежерүүд хэд хэдэн мужид сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж шүүхэд зарга үүсгээд байгаа юм.

Энэ долоо хоногийн баасан гарагт APEC буюу Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны цахим уулзалтад оролцох ёстой. Гэхдээ Ерөнхийлөгчийн ойрын эх сурвалжийн мэдээлснээр Трамп APEC-ын хүрээнд явагдах зарим хувийн уулзалтуудаа хязгаарлажээ. Үүгээр зогсохгүй амралтын өдөр Бүлэг 20 орны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бөгөөд Трамп энэ уулзалтад оролцох эсэх нь тодорхойгүй байна. Бүлэг 20 орны дээд хэмжээний уулзалтыг энэ жил Саудын Араб улс даргалах юм. .

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.