АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама өөрийн дуртатгал намтрыг өгүүлсэн “A Promised Land” шинэ номоо худалдаанд гаргасан билээ. Энэ ном худалдаанд гарсан эхний 24 цагийн дотор Америк, Канадын нутаг дэвсгэрт 890,000 хувь борлогдсон нь Penguin Random House хэвлэлийн компанийн дээд амжилтыг эвджээ. Мөн уг ном бүх цаг үеийн түүхэнд хамгийн их борлуулалттай Ерөнхийлөгчийн дурсамж ном болно гэж ажиглагчид таамаглаж байна.
Ерөнхийлөгч асан Барак Обама шинэ номондоо төрийн тэргүүн байхдаа дэлхий дахинд хийсэн айлчлал, аялал болоод уулзаж байсан дэлхийн удирдагчдын талаар өөрийн сэтгэгдлээ шингээжээ. Тухайлбал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Чикагогийн хатуу чанга хэлтсийн даргатай, Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозийг хэт уран яруу үгтэй гэх зэргээр зүйрлэн бичжээ.
2010-2016 оны хооронд Их Британи улсын Ерөнхий сайдын албыг хашсан Дэвид Камеруныг Обама эелдэг, соёлч боловсон, өөртөө итгэлтэй, саад бэрхшээлийг хялбархан даван туулах чадвартай нэгэн хэмээн сайшаан магтсан байна. Харин Германы канцлер Ангела Меркелийг тууштай, шударга, оюуны бядтай, төрөлхийн сайхан сэтгэлтэй эмэгтэй хэмээн дуртатгалдаа онцолжээ.
Тэгвэл Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган Обамад ямар сэтгэгдэл төрүүлснийг номондоо өгүүлэхдээ зочломтгой, хүсэлт бүрт хариу үйлдэл үзүүлж байсан бөгөөд тун хүчирхэг мэдрэмж авч байснаа онцолсон байна. Барак Обамагийн Ерөнхийлөгч байх хугацаандаа уулзсан удирдагчдын нэг бол Энэтхэгийн Ерөнхий сайд асан Манмохан Сингх юм. Сингх Обамагийн уулзаж байсан хүмүүс дундаас цэцэн мэргэн, бодлогошронгуй, шударга нэгэн байсан гэдгийг тэрээр номондоо бичжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.