Орхон аймагт тогтоосон хөл хориотой холбоотойгоор хувийн унаагаар зорчихыг хориглож, хүмүүсийн хөл хөдөлгөөнийг хязгаарласан.
Гэвч ажил эхлэх болон тарах цагаар тасралтгүй ажиллаж байх үүрэгтэй Эрдэнэт үйлдвэрийн ажилчид автобусанд хэт олноор суух, хүн хоорондын зай барих хязгаарлалтын дэглэм алдагдсан тухай шүүмжлэл цахим орчинд гарсан.
Үйлдвэрлэл тасралтгүй үйл ажиллагаатай учир Эрдэнэт үйлдвэрээс ажилчдын автобусны тоог нэмж, нийт 34 автобусаар үйлчилж эхэлжээ. Нэг автобусанд тодорхой тоо заасан учир төдий хэмжээний ажилчид автобусандаа суух боломжтой болсон аж. Мөн Орхон аймгийн Онцгой комиссоос Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад хувийн унаагаар үйлдвэрийн бүс хүрэх зөвшөөрлийг тусгай квотын хүрээнд олгосон байна.
Өнөөдөр өглөө ажилчдын автобусаар 2780 хүн үйлдвэрийн бүсэд ажилдаа ирж, 32 автобус үйлчилжээ. Харин 500 орчим ажилтан үйлдвэрийн бүс рүү нэвтрэх нэг, хоёрдугаар пост хүртэл хувийн унаагаараа ажилдаа ирж, ариутгал халдваргүйжүүлэлтэд хамрагдсан байна.
Өнөөдрөөс хойш буюу 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хөл хорио үргэлжлэх хугацаанд автобусны маршрут таардаггүй, зогсоол хол, ажлын шаардлагаар шөнө орой, хэзээ ч дуудагдаж мэдэх 560 ажилтан хувийн унаагаар ажилдаа ирж, буцах бөгөөд замаараа өөр газар зогсохыг хориглох юм байна. Тэд Эрдэнэт үйлдвэрийн лого бүхий “Маскаа зүүцгээе” уриалга, таних тэмдгийг машиндаа зүүж ялгарах юм.
Цаашид автобусанд бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс эхний цувааг 06:20 цагт явуулах, хүний нягтрал хамгийн их байдаг 07:00 цагийн автобусанд хуваарь зохицуулалт хийх, түүнчлэн эрт ирэх шаардлагагүй ажилчдыг 07:40 цагийн автобусаар ирүүлэх зэрэг нөхцөлийг судалж, зохицуулалт хийхийг Шуурхай штабын зүгээс цехийн дарга нарт үүрэг болгожээ.
Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн ажилчдаас тусгаарлалтад 28 хүн байна. Эдгээр нь голомтын бүсэд ажиллаж байгаад ирсэн хүмүүс юм. Түүнчлэн 12 хүнийг дам хавьталд орсон байж болзошгүй гэдэг үүднээс гэр, гэрт нь тусгаарлажээ
Төмөр замтай уялдаа холбоотой ажилладаг Тээвэр ложистикийн төвийн бүх ажилчдыг шинжилгээнд хамруулахад хариу нь сөрөг гарчээ. Цаашлаад үйлдвэрийн бүх ажилчдыг шинжилгээнд хамруулахаар төлөвлөөд байна.
Мөн үйлдвэрлэлийн дүүрэгт халдваргүйтгэл хамгаалалтын аюулгүй бүс байгуулах тухай Ерөнхий захирлын тушаал гарсан. Энэ дагуу үйлдвэрлэлийн бүсийг 4 бүсэд хувааж, бүс тус бүрт автобус унааны шинэчилсэн маршрут гаргажээ. "Тушаалын хэрэгжилт маргааш өглөөнөөс эхлэнэ" гэж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх өнөөдөр /2020-11-19/ хуралдсан аймгийн Онцгой комиссын хурлын үеэр мэдээллээ.
Ташрамд дурдахад Эрдэнэт ТӨҮГ-аас 12 нас хүртэлх хүүхэдтэй ээжүүд, өрх толгойлсон аавууд, цахимаар ажиллах ажилтнууд, нийгмийн цехүүдийн ажилчид гээд нийтдээ 1230 хүнд цалинтай чөлөө олгоод байна. Ерөнхий захиргааны 2-р байранд ажилладаг 227 хүнд цалинтай чөлөө олгож, зайлшгүй чухал ажилтай 47 ажилтан өнөөдөр ажиллажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.