Австралийн тусгай хүчний цэргүүд Афганистан улсад алба гүйцэтгэж байхдаа нутгийн ард иргэдийг хууль бусаар амь насыг нь хороож, дайны гэмт хэрэг үйлдсэн гэдгийг албан ёсоор тогтоожээ.
Австралийн Батлан хамгаалах хүчин уг хэргийг өнгөрсөн дөрвөн жилийн турш шалган нягталсан байна. Олон зуун гэрчүүдийн яриа, 57 удаагийн хэргийг мөрдөн шалгаж дүгнэлтээ хийжээ.
Батлан хамгаалах хүчний удирдагч генерал Ангус Кэмпбелл баримтыг дэлгэсэн бөгөөд тун ичгэвэртэй явдал болсон гэдгийг мэдэгдсэн байна. Афганистаны дайны он жилүүдэд хоригдлууд болоод энгийн ард иргэд нийт 39 хүнийг хууль бусаар хороосон хэрэгт тусгай нисэх хүчний 25 цэрэг холбогджээ. Тэдний үйлдсэн хэргүүдийн аль нь ч харилцан гал нээлцээгүй, зайлшгүй тохиолдолд болон өөрийгөө хамгаалахын тулд үйлдээгүй гэж мөрдөгчид үзсэн байна.
Генерал Кэмпбелл Афганистан улсын ард түмнээс гүнээ хүлцэл өчиж байгаагаа илэрхийлэн, уг хэргийн улмаас олон айл өрх сүйрч, зовлон гунигт автсан тул гүнээ харамсаж буйгаа хэлжээ.
Австрали улсын Ерөнхий сайд Скотт Моррисон Афганистан улсын Ерөнхийлөгч Ашраф Гани руу утсаар холбогдож дээрх мэдээлэлд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Ерөнхийлөгч Ашраф Гани Австрали улсын Засгийн газар мөрдлөг шалгалтыг шударга явуулна гэдэгт итгэж байсан хэмээн хариу хэлжээ.
Австралийн Батлан хамгаалах хүчин мөрдлөгийг хаалттай явуулсан бөгөөд зарим мэдээллийг дэлгэлгүй үлдээсэн гэж үзэж байна. Тус улс Афганистанд хоёр үе шаттайгаар үүрэг гүйцэтгэсэн. 2001-2014 оны хооронд эхний ээлжинд тусгай үүрэг гүйцэтгэсэн байдаг бол хоёр дахь тусгай үүргийг 2015 онд эхлүүлж байжээ. Австралитай ойрын холбоотон Их Британи, АНУ-ууд ч мөн Афганистанд үүрэг гүйцэтгэж байхдаа дайны гэмт хэрэг үйлдсэн явдлууд гарсан билээ.
Эх сурвалж: ВВС, CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.