СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирусийн эсрэг улс орнуудын хийсэн зөв 7 алхам

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Швейцарийн Женев хотод төвтэй, ядуу буурай орнуудын ард иргэдийн дархлааг нэмэгдүүлэх зорилготой GAVI вакцины холбоо дэлхийн улс орнуудын Ковид-19 цар тахалтай тэмцэж буй аргуудыг дүгнэж, хамгийн зөв буюу шалгарсан долоон аргыг зөвлөжээ.

1.   Бусдаас зай барих

Дэлхий даяар цар тахлаас урьдчилан сэргийлэхэд хэрэгжүүлж буй гол стратегиудын нэг нь хүмүүс хоорондоо зай барих явдал юм. Хэрэв нэг гэрт амьдардаггүй бол бусад хүмүүсээс 1-2 метрийн зайтай явах, томоохон арга хэмжээнүүдээс зайлсхийх, дэлгүүр, зоогийн газраар аль болох үйлчлүүлэхгүй байх нь үр дүнгээ өгч, олон мянган хүний амийг аварч байгаа нь бодит баримтаар баталгаажсан гэж үзжээ. Гэртээ байж, гараа угаан, эрүүл ахуйн дэглэм барих нь нэн тэргүүний сэргийлэх арга юм.

2.   Ойрын хавьтлуудыг тогтоох

Коронавирусээр халдварласан хүмүүсийн ойрын харилцаатай байсан хүмүүсийг олж тогтоосноор шинэ тохиолдлуудыг цаг алдалгүй олж, үргэлжлүүлэн олон нийтэд тархахаас сэргийлж чадаж байна. Энэ бол олон арван жилийн турш дэлхийн улс орнуудад гарсан цар тахлын үед шалгарсан арга юм. Технологи өндөр хөгжсөн орчин цагт зарим улсууд гар утасны апп ашиглан коронавирусийн халдвар тээгч байж болзошгүй хүмүүсийг илрүүлэн зайгаа барихыг сануулж байна.

3.   Шинжилгээ

Халдвартай хүний хавьтлуудыг олж тогтоосны дараа олон нийтээр шинжилгээнд хамруулах нөхцлийг бүрэн хангах хэрэгтэй. Тухайлбал Өмнөд Солонгос, Хятад зэрэг улсууд бүх нийтийг шинжилгээнд хамруулах аргыг өргөн хүрээтэйгээр ашигласан. Хэдийгээр шинж тэмдэг илрээгүй байсан ч иргэн бүрийг шинжилгээнд хамруулах нь зүйтэй. Өрнөдийн орнуудаас Герман улс хамгийн түрүүнд лабораториудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж долоо хоногт 160,000 хүнд шинжилгээ хийж байжээ.

4.   Эмнэлгийн чадамж нөөц бололцоог сайжруулах

Их Британи зэрэг хатуу чанга хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлсэн улс орнуудад эрүүл мэндийн тогтолцооны нөөц бололцоо дутмаг байсан нь ихээхэн түгшээж байлаа. Халдварын шинэ тохиолдлууд огцом нэмэгдэхэд хэвтэх ор, барилга байгууламжийн хүрэлцээ хэд дахин илүү шаардагдаж байна.

5.   Хамгаалалтын хувцас хэрэглэлийн хангамж

Цар тахлын эхний давлагааны үед ДЭМБ хувийн хамгаалах хувцас хэрэглэлийн хомсдол үүсч байгааг анхааруулсан. Хувийн хамгаалах хувцас хэрэглэлд нэг удаагийн бээлий, амны хаалт, халаад, битүүмжилсэн өмсгөл зэрэг багтаж байна. Тиймээс дээрх хэрэглэлийн үйлдвэрлэлтийг 40 хувиар нэмэгдүүлэх зөвлөмжийг өгсөн. Сингапур зэрэг улсууд аль хэдийнээ бэлтгэл ажлаа базааж хувийн хамгаалах хэрэгслийг нөөцөлжээ.

6.   Олон нийтэд нээлттэй, тодорхой мэдээлэх

Шинэ Зеланд зэрэг улс орнууд олон нийтэд коронавирусийн эрсдэл болоод хариу арга хэмжээний ард байгаа нөхцөл байдлыг ил тод төдийгүй тодорхой мэдээлж чадсан. Шинэ Зеландын Ерөнхий сайд Жакинда Ардерн хариу арга хэмжээний талаар нээлттэй мэдээлж, Ковид-19-ийн эсрэг нэгдмэл байхыг нөхөрсгөөр уриалсан юм. Энэ нь дайны үеийн нөхцөл байдалтайгаар, вирустэй тэмцэхийг хүчлэн дайчилж иргэдийг цочролд оруулж байгаа улс орнуудтай харьцуулахад үр дүнтэй байсан гэж үзжээ.

7.   Түргэн арга хэмжээ авах

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хурал дээр доктор Майкл Райн цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь тархалтыг зогсоох сайн арга гэж мэдэгдсэн. Улс орнууд цаг алдалгүй хяналт, хорио цээр тавих, шинжилгээнд хамруулах, хавьтлуудыг тогтоох зэрэг арга хэмжээг хамгийн сайнаараа хэрэгжүүлж байна. Урьд өмнө SARS, MERS зэрэг халдварт өвчинтэй нүүр тулж байсан улс орнуудын хувьд цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч ажиллах туршлагатай байгаа бол ихэнх улс орнууд Ковид-19 гэсэн цоо шинэ сорилттой нүүр тулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.