Ковид-19 цар тахал БНХАУ-ын Ухань хотод анхлан илэрснээс хойш жил орчмын хугацаанд дэлхийн 217 оронд албан ёсоор бүртгэгдэж 56,3 сая иргэн халдварлаж, 39 сая хүн эдгэж, 1,3 сая гаруй хүн нас бараад байна. Халдварын тархалтаар АНУ, Бразил, Энэтхэг, ОХУ, Өмнөд Африк, Перу, Мексик, Чили, Их Британи, Иран улсууд тэргүүлж, хамгийн их гарз хохирол амсаж байгаа гэдгийг мэдээлжээ.
Халдварт цар тахалтай тэмцэхийн тулд хорио цээр, тусгаарлалт, хөл хорионы аргуудыг улс орнууд нэн тэргүүнд чухалчлан хэрэгжүүлж байна. Дэлхийн түүхэнд анх удаа дэлхийн хамгийн их хүн ам нэгэн зэрэг хөл хорио, хорио цээрийн дэглэмд орж буй тохиолдол болов. Өнгөрсөн гуравдугаар сард 1,7 тэрбум иргэн хорио цээрийн дэглэмд орсон бол дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт 90 орчим улсын нутаг дэвсгэрт 3,9 тэрбум хүн хөл хорионд оржээ. Энэ бол дэлхийн хүн амын тэн хагасаас давсан тоо юм.
Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр гэхэд АНУ-ын нийт хүн амын 90 хувь, Энэтхэг улсын 1,3 тэрбум иргэн нийтээрээ хөл хорионд оров.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн эхний бөгөөд түргэн шуурхай богино хугацаанд хэрэгжүүлэх алхам бол гэрээсээ гарахгүй байх, хөл хорионд орох, хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх гэсэн зөвлөмжийг өгсөөр байна. Харин урт хугацаанд цар тахлаас хамгаалахын сацуу өдөр тутмын аж амьдралыг хэвийн үргэлжлүүлэхийн тулд хүн бүр эрүүл ахуй, ариун цэврийн хатуу дэглэмийг чандлан сахиж, өвчтөнүүдийн хавьтлыг илрүүлэх, өвдсөн тохиолдолд тусгаарлах арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг зөвлөж байна.
Дэлхийн улс орнуудын жишгээс харахад хорио цээрийн дэглэмийг албадан хэрэгжүүлэхдээ харилцан адилгүй арга барилыг баримталж байгаа ч нийтлэг талууд ч олон байгаа юм. Нэн шаардлагатай худалдаа, үйлчилгээг нээлттэй үлдээж, боловсролын шат шатны байгууллага болох сургууль, цэцэрлэг, их сургууль, коллежуудыг хаах шийдвэрийг 80 оронд хэрэгжүүлж байна. Энэ нь дэлхийн нийт оюутан сурагчдын 61,6 хувьд нь хамаарч байгаа ажээ. Хорио цээр, хөл хорионы дэглэм тогтоосон улс орнуудад хамгийн нийтлэг жишиг нь амралт зугаалгын газрууд, олон нийтийн газруудыг бүрэн зогсоож хааж байна.
БНХАУ: Уханийг тусгаарлах шийдвэрийг ДЭМБ сайшаав
2019 оны 12 дугаар сарын нэгэн коронавирусээр халдварлаж хүн өвчилсөн анхны тохиолдлыг БНХАУ-ын Ухань хотод олж мэдсэн өдөр байв. Үүнээс хойш сарын дараа буюу 12 дугаар сарын 31-ний өдөр Уханий эрүүл мэндийн салбарынхан цар тахлын тархалтын талаар олон нийтэд сэрэмжлүүлэн мэдээлэв.
Урьд өмнө судлагдаагүй шинэ төрлийн вирус хурдацтайгаар тархаж байсан тул Хятадын Засгийн газар албадан тусгаарлах, хотуудыг хорио цээрийн дэглэмд шилжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь хөл хорио, хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлсэн анхны улс болов. 2020 оны нэгдүгээр сарын сүүлч гэхэд Хубей мужийн Ухань зэрэг 17 хотод хөл хорио, хорио цээр, тусгаарлалтын дэглэм бүрэн хэрэгжиж эхэллээ. Халдварын анхны тохиолдол бүртгэгдэж голомт болсон Ухань хотын орох гарах хөдөлгөөнийг бүрэн хорих нь цар тахлыг хянах хуучны барил байсан ч бусад хот, мужуудад тархаахгүй байх цор ганц арга байлаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Ухань хотыг бүхэлд нь тусгаарласан явдал шинжлэх ухаанд шинэ зүйл байсан хэмээн мэдэгджээ. Гэвч Хубей мужийн 17 хотод гурван сар орчим үргэлжилсэн хатуу чанга хорио цээрийн дэглэм дөрөвдүгээр сар гэхэд зөөлөрч, иргэд олон нийт уужирч эхэллээ. Уханий иргэд гэрээсээ гарч чадахгүй байгаадаа сэтгэлээр гутарч, хүнд хэцүү цаг үеийг туулсан ч цонхон дээрээсээ нэгнээ дэмжин уриалж, эв нэгдэлтэй байж чадсан юм.
Ухань хот шууд л хөл хорионд орсонгүй. Эрх баригчид эхэндээ цагаан сарын баярын арга хэмжээнүүдийг цуцалж, нэгдүгээр сарын 14-ний өдрөөс нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэдийн биеийн дулааныг хэмжиж байсан. Энэ арга төдийлөн үр дүнгүй, цар тахлын тохиолдол таамаглашгүй хурдацтай нэмэгдэж байсан тул ес хоногийн дараа буюу 23-ны өдөр аялал зуучлалыг зогсоож, Уханиас гарах хөдөлгөөнийг хорив. Гурав хоногийн дараа 26-ны өдрөөс Хятадад Эрүүл мэнд, тусгаарлалтын хуулийг хэрэгжүүлж эхлэх болсныг зарлан мэдэгдэж улс даяар баяр наадам тэмдэглэх, олон нийтийг хамарсан арга хэмжээ хориглосон.
Хоёрдугаар сарын 1-ний өдөр гэхэд коронавируст цар тахлын эсрэг улс даяараа бүрэн хүчин чадлаа дайчлан ажиллах шаардлагатай гэдгийг Ардын дээд прокурорын газраас мэдээллээ. Энэ үед албаны хүмүүс мэдээллээр бүрэн хангаагүй, хэт хатуу арга хэмжээ авснаас үнийн хөөрөгдөл үүсэх, хуурамч бараа бүтээгдэхүүн худалдах, хамгаалалтын хувцас хэрэглэл, эм бэлдмэл чанарын шаардлага хангахгүй байна гэсэн шүүмжлэл, маргаан газар авсан байна.
Халдвар авсан өвчтөнүүд шинжилгээ өгөхөөс татгалзах, тусгаарлалтын дэглэм барихгүй байх, эмнэлгийн ажилчдыг эсэргүүцэх үйлдлүүд гарч коронавирустай холбоотой мэдээ мэдээлэл ард иргэдийг бухимдуулж байлаа. Нөгөө талаар өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх эмнэлгийн багтаамж, техник хэрэгслийн хомсдол үүсч хэдхэн долоо хоногийн дотор хоосон барилга байгууламжуудыг коронавируст өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх эмнэлэг болгож, түр эмнэлгүүдийг богино хугацаанд барьсан юм. Хятадын өнцөг булан бүрээс 25,633 эмч мэргэжилтэн, эмнэлгийн ажилтныг Ухань болоод Хубей мужид хөл хорио тогтоосон хотууд руу илгээжээ. Нийтдээ 14 түр эмнэлгийг барьсан бөгөөд гуравдугаар сарын 10 гэхэд цар тахлын тархалтыг бүрэн хянаж, зарим түр эмнэлгүүдийг хааж эхлэв.
Ийнхүү хорио цээрийн дэглэмийг шуурхай хэрэгжүүлж, хэсэгчлэн хил гаалиа хаасны үр дүнд БНХАУ коронавирусийн тархалтыг барьж, цар тахлын хоёрдугаар давлагааны үед улс орнуудад хоногт хэдэн арван мянган шинэ тохиолдол илэрч байхад Хятадын нутаг дэвсгэрт хэдэн арваар бүртгэгдэж, олон сарын турш орон нутгийн халдвар илрээгүй юм. Хятадын цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээг дэлхийн улс орнуудын удирдагчид сайшаан магтах тохиолдол ч гарч байлаа.
Одоо Хятадад коронавирусээр халдварласан нийт 86,369 тохиолдол бүртгэгдэж, 4,634 хүн нас баржээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд БНХАУ-ын нутаг дэвсгэрт коронавирусийн халдварын найман тохиолдол шинээр бүртгэгдсэн нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.