Азийн Хөгжлийн Банк (АХБ) коронавируст халдварын вакцинд хамрагдах боломжийг хөгжиж буй гишүүн орнууддаа бүрдүүлэх, вакциныг тэгш, үр ашигтай түгээх тогтолцоог бий болгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 20.3 сая ам.долларын техникийн туслалцаа баталжээ.
АХБ-ны хөгжиж буй гишүүн орнууд вакциныг аюулгүй бөгөөд үр дүнтэйгээр худалдан авах, нэвтрүүлэх, хэрэглээнд гаргах, дархлаажуулалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, хяналт тавих чиглэлээр үндэсний бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулах, мөн вакцинтай холбоотой эрүүл мэндийн тогтолцоонд үнэлгээ хийхдээ энэхүү санхүүжилтийг ашиглах боломжтой. Түүнчлэн гишүүн орнуудын вакцины хүйтэн хэлхээ, ложистик, халдвар хамгаалал, эрүүл мэндийн ажилтнуудын хангамж, ур чадвар, эрсдэлийн харилцаа холбоо, бодит цагийн мэдээлэл цуглуулах горим болон хяналтын тогтолцоо зэргийг үнэлэх, тэдгээрийг бэхжүүлэхэд энэхүү санхүүжилт дэмжлэг үзүүлнэ. Цаашлаад энэхүү техникийн туслалцаа нь хүйтэн хэлхээ, вакцин мөшгөх тогтолцооны шинэлэг технологийг тодорхойлж, хэрэглээг дэлгэрүүлэхэд туслах юм.
Санхүүжилтийн 20 сая ам.долларыг АХБ-ны Техникийн туслалцааны тусгай сангийн эх үүсвэрээс гаргах бол 300,000 ам.долларыг Японы Засгийн газрын санхүүжилттэй Өндөр түвшний технологийн сангийн эх үүсвэрээс олгох юм.
АХБ-наас энэ оны 4-р сард хөгжиж буй гишүүн орнуудынхаа КОВИД-19-ийн эсрэг авч буй хариу арга хэмжээг дэмжих зорилгоор 20 тэрбум ам.долларын өргөтгөсөн санхүүжилтийн багцыг баталсан.
Тус банкны зүгээс хэрэгжүүлж буй КОВИД-19-ийн эсрэг хариу арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг АХБ-ны вэб хуудаснаас авах боломжтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.