Хөл хорио тогтоосноос хойш тав хоногт “Азтай савар” амьтанд хайртай залуусын групп дээр үүлдрийн нохдыг олсон мэдээлэл хоногт 4-5 удаа ирж байна. Эдгээр амьтад нь гудамжинд гараад амьдрах чадваргүй. Мөн нохой устгал явж байгаа энэ үед шууд л буудуулж байгаа юм.
Энэ нь ЭМЯ-наас ташаа мэдээлэл өгсөнтэй холбоотой байгаа тухай мэргэжилтнүүд ярьж байна. Ковид-19 өвчин дэлхий нийтийг цочроосноос хойш маш олон судалгаа хийгдсэн. Эдгээр судалгаан дээр амьтан тэр тусмаа гэрийн тэжээвэр амьтан халдвар үүсгэсэн, халдварлаж хүнд халдаасан тохиолдол бүртгэгдээгүй юм.
Олон улсын OEI гэсэн судалгааны байгууллагын мэдээллээр хүнээс амьтанд халдварласан тохиолдол байна. Харин амьтнаас хүнд халдварласан тохиолдол байхгүй юм.
Харин гадуур явж байгаад эрсдэл тээн ирж, гэрийн тэжээвэр амьтанд халдаасан нэг хоёрхон тохиолдол бүртгэгджээ.
"Энэрэх" мал эмнэлэгийн эмч, захирал Н.Гантуяа "Иргэд ташаа мэдээлэлд итгэхээс илүү нохой муураа гадагш гаргаж салхилуулсан бол савар, хөлийг нь цэвэрлэх, үсийг нь ариутгах хэрэгтэй" гэж зөвлөв. Хөл хорио тогтоосон энэ цаг үед иргэд нохойгоо гадаа салхилуулахаас илүү гэртээ байлгаж эрсдэлээс хамгаалахыг уриалж байна.