СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-11-18

LIVE: ТАНИЛЦ: Засгийн газраас эдийн засгийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх 23 арга хэмжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Засгийн газар өнөө өглөө 08.00 цагаас хуралдаж бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийн үед эдийн засгийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэдэн хэдэн шийдвэр гаргасныгаа танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

Коронавирусийн цар тахалтай үед Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр болсон арга хэмжээнүүдийг танилцуулъя. Манай улс цар тахлыг дотооддоо алдахгүй байх чиглэлээр хичээн ажилласан боловч уг өвчнийг 11 дүгээр сарын 10-ны өдөр дотооддоо алдлаа.

Иймд бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, Засгийн газраас авч хэрэгжүүлэх ёстой бүхий л ажлыг цаг хугацаа алдахгүйгээр хийх, өвчний тархалтыг хяналтандаа авахаар хичээн ажиллаж байна.

Монголчууд бид эв нэгдэлтэй байж, төр засгаас гаргасан шийдвэр, удирдамжийг чанд мөрдөж, санаа сэтгэл нэгтэй байж чадвал энэ өвчний ард гарч чаднаа. Яг одоогийн байдлаар коронавирусийн цар тахлаар өвчилсөн 30 тохиолдол батлагдаад байна. Эдгэрч гарсан 349 иргэн байна. ХӨСҮТ-д яг одоо 114 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдал нь хүнд хүн алга.

Коронавирусийн эсрэг улсын хэмжээнд 12 мянган хүн ажиллаж, дэг журмыг сахиулах ажлыг хэрэгжүүлж байна. Коронавирус цар тахлын шинжилгээг авах цэгүүдийн тоог нэмэгдүүлэх, төмөр зам дагуу бүс нутгуудыг шинжилгээнд хамруулах ажил явагдсаар байна. Өнөөдрийн байдлаар 28500 иргэнийг түргэвчилсэн тестэд хамруулах ажлыг хийсэн.

Ард иргэддээ талархаж баярлаж байна. Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийг чанд сахиж, гараа угааж, гэртээ байж, дэглэм журмаа чанд сахиж байгаа нь коронавирусийн эсрэг хийж хэрэгжүүлж буй хамгийн чухал ажил юм шүү.

Коронавирусийн эсрэг вакцин гарсан гэж байгаа боловч Монголд орж иртэл багагүй хугацаа орно. Тэр болтол улсын онцгой комисс бүхий л боломжоо дайчлан ажиллах болно. Богино хугацаанд эдийн засгаа унагачихгүй авч үлдэхийн төлөө хичээн ажиллаж байна. Засгийн газрын боломж нөөц хязгаарлагдмал гэдгийг та бүхэн минь ойлгож байгаа байхаа.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар улсын хэмжээнд 23 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд:

1.       Хүүхэд бүрд сар бүр олгох 100,000 төгрөг, бусад тэтгэмжийг хүндрэл чирэгдэлгүйгээр олгох ажлыг ирэх оны 7-р сарын 01-нийг хүртэл олгоно.

2.       Төрийн болон ОНӨААТҮГ-аас бусад бүх байгууллагыг татвар, НДШ, алданги, төлөлтийг хойшлуулж байна.

3.       Түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжүүдийг тухайн бууруулсан дүнд нийцүүлэн татвараас чөлөөлнө.

4.       Импортоор орж ирэх бүх төрлийн будаа, ургамлын тос, өвч, мал амьтны тэжээл, тослог ургамал, үр тариаг импортын болон гаалийн болон НӨАТ-аас бүрэн чөлөөлнө.

5.       Хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйлдвэрлэл, түгээлт, тараалтыг хэвийн явуулах чиглэлийг холбогдох байгууллагад өглөө.

6.       Ипотекийн зээлийн эргэн төлөлт, хүүгийн төлөлтийг 2021 оны долдугаар сарын 01-ний өдрийг хүртэл зээл төлөгчийн санал хүсэлтийн дагуу хойшлуулахыг Монголбанк, санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгов.

7.       Банк, санхүүгийн байгууллага нь зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсныхаа төлөө зээл төлөгчид нэмэлт дарамт үүсгэхгүй байхыг анхаарууллаа. Зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлтээ гаргаснаас тухайн хөнгөлөлтөд орох боломжийг бүрдүүлэхийг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

8.       Ашигт малтмал, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах ажлыг хэвийн шуурхай явуулахыг БНХАУ-ын талтай дипломат шугамаар явуулах чиглэл өглөө.

9.       Гашуун сухайт, шивээ хүрэн боомтыг ногоон бүс болгон зарлаж, жолооч нарыг шинжилгээнд бүрэн хамруулж уул уурхайн бүтээгдэхүүнийг очер дараалалгүй гаргах чиглэл өглөө.

10.   Коронавирусийн цар тахлын оношлуур, эм, хамгаалах хэрэгслийг импортын болон НӨАТ-аас чөлөөлөхийг үүрэг болголоо.

11.   Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн хуулийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах ажлыг хийхийг холбогдох хүмүүст үүрэг болгов.

12.   Гааль татварын бүх үйлчилгээг цахимжуулж, ард иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэх боломж хангахыг холбогдох бүх байгууллагад үүрэг болгов.

13.   Зээлийн батлан даалтын үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн идэвхжүүлэхийг үүрэг болгов.

14.   Төрийн байгууллагад бараа ажил үйлчилгээ нийлүүлсэн хүмүүсийг төрөөс авах төлбөр тооцоог нэн яаралтай төлж барагдуулах үүрэг өглөө.

15.   Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр зарлагдаж буй бүх худалдан авалтыг дотоодод хийсэн бараа бүтээгдэхүүнээс сонгохыг үүрэг болгож байна.

16.   Яг одоо зарлагдсан бүх төрлийн тендерийн материал хүлээн авах хугацааг 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл сунгахыг үүрэгдлээ.

17.   Үйлдвэрлэл үйлчилгээ аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломж нөхцөл олгохыг холбогдох хүмүүст үүрэг болгов.

18.   Хүн хоорондын зайг 2 метрээс багагүй байлгах, амны хаалтыг хэрэглэж хэвшүүлэх, зайнаас халуун хэмжих төхөөрөмжийг байршуулах ажлыг хэрэгжүүлэх

19.   Ард иргэдийг соён гэгээрүүлэх, коронавирусээс урьдчилан сэргийлэх контент үйлдвэрлэлийг дэмжих ажлыг нэн яаралтай хэрэгжүүлэхийг холбогдох сайдуудад үүрэг болголоо.

20.   Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг чиглэлийг боломжтой хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг хийнэ. Эдийн засгийн аль болох хурдан хугацаанд хуучин хэвэнд оруулах ажил чухал байна.

Уг мэдээллийн дараа сэтгүүлчид цөөн асуултад хариулт авлаа.

-Гэр хорооллын айл өрхүүд түлшээ, хүнсээ авч чадахгүй нөхцөл байдал хүрлээ. Тэр хүмүүст яаж туслах вэ? тэдэнд шууд хүрсэн бодитой ямар ажлыг төр хийх вэ?

-Коронавирус дэлхий дахинд тархаж эхэлсэн цагаас эхлэн Засгийн газраас бэлэн байдлыг хангах бэлтгэл ажлаа базааж эхэлсэн. Цар тахлын үеэр ямар ажил хийх вэ гэдгээ бид олон улсын туршлагад үндэслэн хийж байгаа. Хүүхэд бүрд сар бүр 100,000 төгрөг олгох ажил хэвийн явж байгаа. Амжиргааны доогуур орлоготой иргэдэд хүнсний талон олгож байна. Тэтгэврийн доод хэмжээг 280,000 болгон нэмэгдүүлсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэсэн. Татварын шинэчлэлийг хэрэгжүүлж, төлж чадахгүй байгаа татвар, алданги торгуулиас дөрвөн жилийн хугацаанд чөлөөллөө.

-Энэ 23 арга хэмжээг хэрэгжүүлэхэд хэдэн төгрөгийн зардал гарах вэ? 2021 оны төсөвт тодотгол хийх үү? Ерөнхийлөгчийн айл бүрд нэг сая төгрөг олгох саналыг хэрэгжүүлэхгүй юм уу?

-Засгийн газраас яг одоо хүүхэд бүрд сар бүр 100,000 төгрөг олгож байгаа. Нэг хүүхэдтэй айлд нэг жилд 1.2 сая, 2 хүүхэдтэй айлд 2.4 сая, 3 хүүхэдтэй айлд 3.6 сая төгрөгийг нэг жилийн хугацаанд олгоно. Тэгэхээр эдийн засгийн үр өгөөжийнхөө хувьд Ерөнхийлөгчийн саналаас илүү байгаа биз. Хоёрдугаар зээлийн эргэн төлөлтийг зургаан сараар хойшлуулах саналыг Ерөнхийлөгч гаргасан. Засгийн газар 2021 оны долдугаар сар хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа. Багцалж хэлбэл Ерөнхийлөгчөөс ирүүлсэн зургаан саналын тавыг нь их бага хэмжээгээр хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Төсвийн тодотгол хийх эсэхийг харзнаж байж болно. Яг одоо коронавирусийн тархалтын дүр зургийг гаргах ажил явагдаж байна. Энэ зураглал гарсны дараа төсөвт тодотгол хийх эсэхээ шийднэ. Гаднын улс орнуудаас авсан зээл тусламжийн мөнгийг хэрхэн зарцуулсан талаарх дэлгэрэнгүй тайлангаа хэвлэл мэдээллийнхэнд өнөөдөр 17.00 цагаас маш нарийн задаргаатайгаар хийнэ.

-Хилийн чанадад гацсан иргэдийг татан авах ажлыг хэрэгжүүлэх талаар ямар ч зүйл хэлсэнгүй. Тэр ажил үргэлжлэх үү? Хот болон хөдөөд гацсан хүмүүсийг яах вэ? тэдний асуудлыг шийдвэрлэхгүй юм уу? ИТХ-ын сонгууль болоод дуусчихсан байхад ялсан намууд нь засаглаж чадахгүй байсаар байна. Энийг яах вэ? Отрын малчдыг хөөж туух асуудал хурцаар яригдаж байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?

-Гадаадад гацсан иргэдийг татан авах ажил энэ оны 2-р сараас явагдаж байгаа. Бид өнгөрсөн хугацаанд 27 мянган нэн яаралтай татан авах иргэдээ бүрэн татаж авсан. Одоо цөөн тооны иргэн хилийн чанадад байгааг ойлгож байгаа. Арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг хүртэл тусгай үүргийн бүх нислэгийг зогсоосон. Тэр болтол татан авах ажил явагдахгүй ээ. Хотод ирээд гацсан орон нутгийн олон иргэн байгаа. Тэдгээр хүмүүсийг буцаах асуудлыг судлахад ойрын үед буцаах боломжгүй гэдэг дүн гарсан. Отрын бүс нутагт байгаа иргэдийг хөөж туухгүй байхыг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгоно. Засаг даргыг томилох ажлыг аль болох шуурхай хийж байна. Өнөөдрийн байдлаар нийслэл болон 14 аймгийн Засаг дарга нарыг томилсон. Томилогдоогүй байгаа цөөн хэдэн аймгийн Засаг дарга нартай холбоотой асуудлыг АТГ-аас судалж байгаа. Томилуулах боломжтой гэсэн хариу ирсэн тохиолдолд шууд томилж ажилд нь оруулна.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэж болохгүй юм уу?

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хойшлуулсан.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.