Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээлэл өглөө.
Тэрээр "Монгол Улсад нийт 44 тусгаарлах байранд 1981 иргэн байна. Улаанбаатар хотын 26 тусгаарлах байранд нийт 1526, хөдөө орон нутагт 436 иргэн байна.
ХӨСҮТ-ийн тандалт судалгаагаар хавьтал болсон иргэдийг тусгаарлах ёстой гэсэн зөвлөмжийн дагуу өчигдөр орой 85 хүнийг Улаанбаатар зочид буудалд тусгаарлаад байна.
Энэ сарын 13-наас хойш 664 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Улаанбаатарт 529, орон нутагт 135 хүнийг тусгаарлаад байна. Тусгаарлан ажиглах байранд 344 төрийн албан хаагч ажиллаж байна. Тусгаарлан ажиглах байрны нөөц судалгааг гарган ажиллаж байна.
Өчигдөр 89 иргэн тусгаарлах байрнаас гарч гэрийн ажиглалт руу шилжсэн. Гэрийн ажиглалтад шилжсэн иргэд дэглэмийг хатуу сахих хэрэгтэй. ХӨСҮТ-ийн дүнг үндэслэн 167 иргэнийг өнөөдөр гэрийн ажиглалтад шилжүүлнэ.
Цэргийн төв эмнэлэгт бага насны хүүхэд хоол ундгүй байгаа бичлэг тавигдсан. Энэ талаар тодруулахад Цэргийн төд эмнэлэг өдөрт дөрвөн халуун хоолоор үйлчилж байгаа. Өнөөдөр Мэргэжлийн хяналтын газар хоолны амт чанарын талаар мэдээлнэ. Монголын ард түмэн эв нэгдэлтэй байж давж гарна” хэмээв.