Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод тогтоосон хөл хориог эрс чангатгаж, өдөр бүр 10.00-17.00 цагийн хооронд 0 зогсолт хийж эхэллээ. Энэ хугацаанд хотын гудамжаар автомашин болон явган хүний хөдөлгөөнийг бүрэн зогсоох юм.
Коронавирусийн халдварыг дотоодод алдсантай холбоотойгоор улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, явган болон тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг тогтоогоод долоон хонож байгаа. Гэвч зөвхөн өчигдөр л гэхэд Улаанбаатар хотод 40 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсон байх тул хорио цээрийг эрс чангатгаж, 0 зогсолт хийх шийдэлд хүрчээ.
Иргэд та бүхэн эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхээс бусад шалтгаанаар 10.00-17.00 цагийн хооронд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.